У.Хүрэлсүхэд хоосон авдар өгнө гэнэ үү
"Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднаас зээл тусламж авч, цалингаа тавьж байлаа. Ард түмнийхээ халаасыг сэгсэрч, долоон төрлийн татвараар дарамталж өдөр хоногийг өнгөрүүлж байв. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцронгуут өнөөх зээл тусламж нь ч хамт зогссон нь өчигдрөөс тодорхой болж эхлэв.
Тодруулбал, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байсан Валютын сангийнхан шинэ Засгийн газар бүрдэх хүртэл дараагийн санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн юм билээ. Эргэж нягталж ярилцах зүйл байгаа хэмээсэн ч цаад утга нь "Та нар бидний шаардлагыг хүлээж ав.
Бидний заасан замаар явахгүй бол өөр яриа байхгүй шүү” гэсэн сануулга гэдгийг учир мэдэх улстөрчид ярьж байх юм. Тэгэхээр шинэ томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Валютын сангийн "шар ах” нарынхаа үгээр явахгүй бол, дараагийн Засгийн газар хоосон авдар хүлээж авах нь гэсэн үг. Тэгвэл МАН-ын саарал ордонд "У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдыг нь өг. Өртэй, мөнгөгүй улс орныг яаж хөгжүүлэхийг нь харъя.
Хоосон авдар өгчихөөр цаадах чинь жил болоод л өөрөө өгье гээд хүрээд ирнэ. Тэр цагт улс төрөөс ч, намаас ч бүрмөсөн зайлуулж болно” гэсэн яриа гараад амжсан сурагтай. У.Хүрэлсүх ч бай, хэн ч байсан ер нь бол хоосон авдар хүлээж авах нь тодорхой. Том төслүүд хөдөлгөж, зээл тусламжаа зогсоохгүй үргэлжлүүлэх чадвартай Ерөнхий сайд тавихгүй бол 2020 онд МАН-ынхан бүгдээрээ улсаа дампууруулсан хэрэгт унах нь тодорхой билээ.
Гитар барьсан залуутайгаа хамт түүхийн тавцангаас арчигдахгүйн тулд МАН-ын 65 бүгдээрээ л хөдлөхөөс өөр аргагүй. Хэн нэгнийг намаас зайлуулахын тулд төрийн сайдын суудлаар тоглож, дөрвөн жилд дөрвөн өөр Засгийн газар байгууллаа гээд МАН-ын нэр хүнд сэргэх нь юу л бол. Эсрэгээрээ АН-ын хувь заяаг давтах вий дээ.



