АН-ынхан сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг ирцийн мэдээлэл илтгэж байна
УИХ-ын ээлжит чуулган завсарласан энэ өдрүүдэд тэднийг "хичээлдээ" хэрхэн ханддагийг та бид харж болохоор байна. УИХ-ын гишүүн болох хүсэлтэй хүн мөрийн хөтөлбөр боловсруулж, түүнийгээ тухайн тойргийн иргэдэд танилцуулснаар иргэд түүнийг нь үнэлж, дүгнэн сонгуулиа өгдөг. Ингэснээр саналаа өгдөг олон нийтийн зүгээс мөрийн хөтөлбөрөөр нь дамжуулж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд шийдвэр гаргах төвшинд очиж, оролц, ажил хэрэг болго гэдэг даалгавар өгөөд тухайн хүнийг УИХ-д илгээдэг. Тиймээс УИХ-ын чуулганыг хичээл хэмээгээд тухайн гишүүний мөрийн хөтөлбөрийг гэрийн даалгавар гэвэл энэ хүн хэр сурагч вэ гэдгийг бид эхний ээлжид ирцээс нь харж болно. Хэдийгээр эцсийн үр дүн чухал ч гэлээ явцын дунд хичээлдээ хэрхэн суусан, ажилдаа хэрхэн гар бие оролцсон бэ гэдэг түүнээс ч чухал. Өөрөөр хэлбэл, УИХ-аас ямар хууль тогтоомж гаргах гэж байгаа, тэр нь иргэд олон нийтийн эрх ашгийг хангаж чадах эсэхийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн оролцолгүйгээр учрыг нь олж, хужрыг нь тунгаах боломжгүй. Ингэж аливаа хуулийн хэлэлцүүлэгт оролцоогүй гишүүн сонгогдсон тойргийнх нь гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүн хүний эхний үүрэг бол Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцох явдал. Нэгдсэн чуулган явж байх хугацаанд тойргийнх нь гишүүн хэрхэн сууж байгааг хараад байх боломжтой ч нийт чуулганы хэчнээн хувьд нь сууж байгааг харьцуулж мэдэх боломжгүй. Тиймээс ээлжит чуулган завсарпасан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд чуулгандаа хэрхэн суудгийг хамтдаа харцгаая. "УИХ-ын хаврын чуулганд их хурлын гишүүд ажилдаа хариуцлагатай хандсан" гэж УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг хаахдаа онцлон тэмдэглэсэн. Учир нь гишүүдийн хурал таслалтын цаг өмнөх парламентын үеүүдтэй харьцуулбал харьцангуй бага байсан юм. Хаврын чуулганы хугацаанд нийтдээ 27 удаагийн нэгдсэн хуралдаан болсон байна. Нэгдсэн хуралдаанд шалтгаангүйгээр гурваас дээш тасалсан гишүүн тав байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 10 удаа тасалсан бол Н.Номтойбаяр зургаа, Л.Оюун-Эрдэнэ тав, Ж.Энхбаяр дерөв, С.Жавхлан гурван удаа тасалсан байх юм. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд хоцорсон гишүүн цөөнгүй байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Батболд 13 удаа хоцорсон бол Ж.Мөнхбат 12, Ж.Эрдэнэбат 10, С.Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Мурат, А.Сүхбат, Н.Учрал нарын гишүүн есөн удаа хоцорсон үзүүлэлт гарчээ.



