АТГ-ын үүдийг сахиж суухын оронд ажлаа л хийх байж дээ Д.Жигжиднямаа дарга аа !!!

537

 

АТГ-ын үүдийг сахиж суухын оронд ажлаа л хийх байж дээ Д.Жигжиднямаа дарга аа !!!Он гарсаар төмөр замтай холбоотой дөрвөн осол гарчээ. Хамгийн найдвартай, бат бэх, аюулгүй унаа ийнхүү осолдоод байхаар бид юунд итгэж сууж явах вэ гэсэн сэтгэгдлүүд сошиалаар хөвөрч байна. Гэтэл иргэдийн энэхүү гомдлыг хүлээн авч, ажлаа сайжруулж, осол аваар гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "Энэ бол байгалийн гамшиг. Бид буруугүй" хэмээн мэлзэж сууна. Түүгээр ч үл барам энэ бүх асуудалд би хариуцлага хүлээх болоогүй хэмээн ширэн нүүрлэлээ.

Тодруулбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа энэ сарын 12-нд Дорноговь аймагт болсон осол, сэргээн босголтын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Энэ үеэрээ "УБТЗ-аас жил болгоны хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. Энэ хаврын тушаалыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд гаргасан. Энэхүү тушаалд энэ сарын 12-нд болсон ослын газар онцгой анхаарах хэсэгт багтсан байдаг. Тиймээс хяналт шалгалт байнга хийдэг. Тухайн өдөр хүчтэй бороотой байсан учир хариуцаж байсан мастер нь шалгаад явсан байгаа юм. Мөн өөрийнхөө хэсгийн ажилчдыг замын эргүүлд гаргаж явуулсан. Үүний өмнөхөн Айргаас Бор-Өндөрийн чиглэлд явдаг наймдугаар км зам мөн усанд автагдаж угаагдсан тул түүнд хяналт тавьж замаа хаачихаад эргэж ирэх зуур нь энэ осол гарсан байна лээ. Ус цаг уурын хүрээлэнгээс 7, 8 дугаар сард бороотой гэсэн мэдээлэл ирүүлж байсан ч ийм их хэмжээгээр орно гэж төлөвлөөгүй. Тэгээд ч осол гаргахаас хэдэн минутын өмнө энэ замаар мөн галт тэрэг явсан. Тэгээд хариуцаж байсан мастераас замын нөхцөл байдлыг асуухад хэвийн байна, зам хаах шаардлагагүй гэсэн. Гэтэл  бороо хүчтэй байсны улмаас хэдхэн минутын дотор энэ осол болж өнгөрсөн" хэмээн тайлбарлалаа. 

Тэрбээр хяналт шалгалт явуулахад хэвийн байсан зам хэдхэн минутын дотор бороонд угаагдаж осол болсон гэж хэлж байгаа ч түүний ярианаас хяналт шалгалт хийчихээд өөр зам шалгахаар очиход зам нь угаагдчихсан байсан. Тэгээд буцаад явж байх зуур осол гарсан нь тодорхой байна. Тэгэхээр нэгэнт өөр зам угаагдчихсан байхад онцгой анхаарах хэсэгт багтсан зам аюултай нөхцөл байдалд орсон байж болзошгүй нь тодорхой мэт санагдах юм. Гэтэл яагаад аль түрүүн шалгасан замаа хэвийн, зам хаах шаардлагагүй гэж хэлэв. Энэ бол цэвэр хариуцлагын алдаа. 

 За бүр болъё. Энэ удаагийн ослыг үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж хүлээн зөвшөөрье. Тэгвэл өмнө нь болсон ослуудыг юу гэх вэ. Осол бүрийг ямар нэгэн зүйл рүү чихээд байвал төмөр замын осол чинь зам тээврийн осол шиг хэвийн үзэгдэл болчих бишүү. 

Гэтэл ичих ч үгүй "Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол болсон, хүний хүчин зүйлээс болоогүй гэсэн дүгнэлттэй байгаа учраас би хэн нэгэн хүний эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байна" хэмээн ярьж сууна. 

Худалдан авах ажиллагаанаас тэрбум төгрөг завчуулсан байж болзошгүй баримт, өмнө нь гэмт хэрэг ял шийтгэл авч байсан этгээдүүдийг Төмөр замын удирдах шатны даргаар тавьсан, хуучирч муудсан мянган вагон оруулж ирсэн гэх зэрэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг одоо ч АТГ-т шалгагдаж, хянагдаж байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлсэн. Энэ мэт хэрэгт холбогдож явахын оронд ажлын ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлж, удирдлага арга зүйгээр хангаж ажилласан бол өнөөдөр ийм осол болохгүй байх байлаа. Аз болж хүний амь эрсдээгүй ч дахин иймэрхүү осол гэмтэл гарахад байгаль цаг уур луу чихсээр л суух уу. 

Юутай ч УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон түүний удирдлага дор ажиллаж буй төмөр замынханд удаа дараагийн гарч байгаа төмөр замын ослууд огт хамаагүй. Ердөөсөө л байгалийн давагдашгүй хүчин зүйл болоод байна. Тэд наана нь хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх ч ёсгүй. Зүгээр л болдог юм болдогоороо боллоо гэж байгаагаас ялгаагүй л юм ярьж сууна. 

Б.Анир 

http://www.zaluu.com/read/279bd76da



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>