Дуулиант хуримын сонин сайхнаас…
Энэ зуны билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг "МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.
Монголын томоохон гэр бүлээс гаралтай хуримлагч хоёрт баяр хүргэхээр тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна. Зөвхөн хосын хурим гэлтгүй гаднын зочдод эх орноо сурталчлан таниулах арга хэмжээ ч гэж хэлж болохоор сүрлэг сайхан хурим болсон гэж баттай эх сурвалжаас мэдээллээ. Үндэсний дээл хувцас, ахуй соёлоо сурталчлан таниулсан энэ хурим тансаг сайхан болсон талаар ам уралдан ярих хүмүүс одоо хэр байгаа сурагтай.



