Авлигатай тэмцэхэд бидэнд юу саад болж байна вэ

647

Авлигатай тэмцэхэд бидэнд юу саад болж байна вэ

 

 "Авлига нэг хувиар буурахад дотоодын нийт бүтээгдэхүүн тэр хэмжээгээр өсдөг” Хонгконгийн АТГ-ын дэд дарга асан Тони Квок

БНХАУ-ын Сичуань мужид 2008 онд  газар хөдөлж сургууль дээрээ хичээлээ хийж байсан 10 000 хүүхэд нас баржээ. Нэг хүүхдийн бодлого хэрэгждэг тус улсад ганц хүүхдээ алдсан эцэг эхчүүд Сичуань муж 80 гаруй сая хүн амтай, Хятадын хамгийн шигүү суурьшилтай бүс нутгийн нэг. Гэвч 2008 оны тавдугаар сарын газар хөдлөлтийн дараа эцэг эхчүүд "Энэ бол байгалийн гамшиг биш. Чанаргүй барилга бидний хүүхдийн амь насыг авлаа "хэмээн гашуудаж байв. Учир нь, энэ газар хөдлөлтийн улмаас зөвхөн сургуулийн барилгууд нуржээ. Фушин бага сургуулийн 127 сурагч, Ханванг сургуулийн 317 сурагч, Шижиан бага сургуулийн 438 сурагч амиа алдсан талаар "Хятадын байгалийн бус гамшиг буюу Сичуань мужийн нулимс" хэмээх баримтат киног BBС агентлаг хийсэн байдаг. Ийнхүү "цусаар зурсан хичээл”-д суусан хүүхүүдийн эцэг эхчүүд шударга ёс нэхэн шаардаж байж. Барилгын зуурмаг бэхжээгүй, өрсөн тоосгонд цемент түрхээгүй байсныг тэд ярьж байв. Засгийн газраас нь их хэмжээний буюу гэр бүл тус бүрт 8800 ам долларын нөхөн олговор өгөх санал гаргасан ч буруутай этгээдүүдийг тогтоогоогүй. Гэсэн ч дэлхий  нийтээр уг түүхээс газар хөдлөлтөөс бус авлигын хөнөөлөөс бяцхан үрс хорвоог орхисон гэдгийг хангалттай ойлгосон юм.

Үүнээс юу харж болох вэ гэвэл уг барилгыг хүлээн авахдаа шалгах албан тушаалтан үүргээ биелүүлчихсэн л бол  хэдэн мянган гэр бүл баяр баясгалангаа алдахгүй байв. Зөвхөн үүргээ биелүүлсэн л байхад хангалттай. Хэрвээ улстөрч, хууль санаачлагч бол хуулиа батлахад л хангалттай.

Гэтэл манай улсад улстөрчдөд нь авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл байхгүй нь авлигатай тэмцэхэд хамгийн их саад болж байна хэмээн Олон Улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас үзсэн байдаг.

Тус байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлахад Монгол Улс 2017 оны байдлаар  36 оноо авч  нийт 180 орноос 103 дугаарт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс 16  байраар ухарсан үзүүлэлт юм. Тэгвэл үүний өмнөх үзүүлэлтэд 15 байраар ухарч 87 дугаарт эрэмбэлэгдэж байжээ.

Үүнээс харвал Монгол Улс сүүлийн хоёр жилийн дотор 31 байраар ухарсан үзүүлэлт гарчээ. 

Үүнээс улстөрчид өөрсдөдөө давуу байдал олгохын тулд хуулийг шударга ёсны зарчмын дагуу баталж үүргээ биелүүлэхгүй байгааг харж болохоор байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд, Сонирхлын зөрчлийн тухай хуулийн заалтууд нэг нэгээрээ алга болж байгаа тухай уг хуулийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн асан Х.Тэмүжин ярьжээ. Тэрээр, "УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөндсөн байна. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна”  гэж хуульчдын хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ дурдав.

              АТГ болон Азийн сангаас хийсэн судалгаагаар авлига төрийг эзлэх эсвэл бизнес төрийг эзлэх гэсэн 2 хэлбэр байгаагийн сүүлчийнх байгааг судалгаанууд нотолжээ. Өөрөөр хэлбэл, томоохон бизнес эрхлэгчид төрийн эрх барих болон хууль тогтоох дээд байгууллагад орсон байгаа аж. Бусад оронд томоохон бизнес эрхлэгчид улс төрд ордог хэдий ч Лоббигийн тухай хуулиар зохицуулдаг. Харин манайд эсрэгээрээ өөрсдийн хуулийн орчныг авлигад нийцэхээр баталсаар байгаа юм. Эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд Эрүүгийн хууль өөрөө саад болж байгааг салбарынхан хэлж байна.  Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт албан тушаалтнаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар үйлддэг гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлсон ч санкцын хувьд оновчтой бус,  гэм буруутай этгээдэд оногдуулах ялын хэмжээ хэтэрхий хөнгөн, хөөн хэлэлцэх хугацаа нь мөрдөн шалгах, шүүн таслах хугацаатай харьцуулан үзэхэд хэт богино байдлаар хуульчлагдсан гэсэн шүүмжлэл байна. Ганцхан жишээ дурьдахад, УИХ-ын гишүүнийг ямар нэгэн асуудлаар шалгахад бүрэн эрхийг нь "ангийнхан "нь түдгэлзүүлж байсан удаа байхгүй бөгөөд дархан эрх нь дууссан дөрвөн жилийн дараа гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Үүнээс ч илүү Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх 6 жил гэх мэтчилэн бүрэн эрхийг нь дуусах эсвэл түдгэлзүүлэхийг хүлээсээр дуусах нь ч бий.

2002 оны эрүүгийн хуульд байсан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахуульд зуучлах гэмт үйлдлүүдийг шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Албан тушаалын эсрэг гэмт хэрэг Монгол Улсад нэг жилд бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн дунджаар 0.4 хувийг эзэлж байгаа ч нийгмийн хор аюул, хохирол, хор уршиг нь ахуйн хүрээний гэмт хэрэгтэй харьцуулахад харьцангуй их байдаг.

Засгийн газрын тэргүүн парламентын индрээс өөрийгөө шүдгүй арслан хэмээн цоллов. Түүний хэлснээр "Хийх ёстойгоо хийж чадахгүй бол энэ шүдгүй АРСЛАН.” Харин хуулиа албан тушаалтнууд өөрсдөдөө ээлтэйгээр баталсаар байх юм бол авлигын эсрэг тэмцэх байгууллага нь мөн шүдгүй арслан болж таарч байна.

Албан тушаалтнууд нь үүргээ хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн оронд ард иргэд нь хүртэх ёстойгоо мөнгөөр худалдан авдаг. ЖДҮ дэмжих сангийн зээлд иргэд хамрагдахдаа өөрийн авсан зээлийн 10 хувийг албан тушаалтанд өгдөг байсан гэсэн мэдээлэл бий. Ийнхүү эдлэх ёстой эрхээ мөнгөөр худалдан аваад зогсохгүй амь насаа, үр хүүхдээ авлигын золиосонд өргөдөг гэдгийг Сичуань муж харуулсан юм.

Eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>