Дэлхий даяар албан ёсоор онц байдал зарлалаа

687
 
 

Дэлхий даяар албан ёсоор онц байдал зарлалаа

 

  • "Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа
  • "Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна”
  • Халдвар авсан хүний тоо 9000 гаруй болж, нас барагсдын тоо 213 болоод байгаа юм
  • "Цагаан сар”-ын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх түр эмнэлгийн барилгыг барих зэрэг арга хэмжээг авч байгаа юм
  • Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн шөнө хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, коронавирусийн тархалтыг тогтоон барих үүднээс "Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа. Энэ нь дэлхийн улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж, олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах нөхцөл байдал үүссэн гэсэн үг юм. Хурлын үеэр ДЭМБ-ийн дарга Тедрос Аданом Гебреисус "Эрүүл мэндийг хамгаалах систем муу хөгжсөн улс орнуудад коронавирусийн халдвар тархах вий гэдэгт би хамгийн их санаа зовниж байна” хэмээн онцоллоо. Эрүүл мэндийг хамгаалах олон улсын хамгийн том байгууллага болох ДЭМБ нь нэгдүгээр сарын 22-нд энэ асуудлаар анх удаа яаралтай хуралдсан ч тухайн үед өвчний дэгдэлт харьцангуй бага, хангалттай мэдээлэл байхгүй байна гэж үзээд онц байдал зарлалгүй, анхааралтай ажиглах шийдвэр гаргаж байсан. 

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн уг вирусийн тархалт газар авч, хамгийн сүүлийн байдлаар халдвар авсан хүний тоо 9000 гаруй болж, нас барагсдын тоо 213 болоод байгаа юм. Түүнчлэн 12000 гаруй хүнд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтсан. Одоогийн байдлаар Хятад улсаас гадна дэлхийн 22 улсад тус өвчний халдвар бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 90-ээд хувь нь Хятад улсын иргэд тэр дундаа өвчин анх бүртгэгдсэн Хубэй мужийн оршин суугчид бөгөөд бүгд далайн хүнсний захтай холбоотой хүмүүс байгаа аж. Тус улсын засгийн газар өвчний тархалт өндөр байгаа хотуудад хорио цээр тогтоож, хотоос гарах, хот руу орох бүх хөдөлгөөнийг хаах, "Цагаан сар”-ын баярыг угтсан үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг цуцлах, халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх түр эмнэлгийн барилгыг барих зэрэг арга хэмжээг авч байгаа юм.



Энэхүү вирус нь ихэвчлэн амьтанд тохиолддог бөгөөд маш ховор тохиолдолд амьтнаас хүнд дамждаг бүлэг вирус бөгөөд нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах, халуурах, толгой өвдөх гэх мэт энгийн ханиадтай төстэй шинж тэмдэгүүдийг үзүүлдэг. Дархлаа султай хүмүүст болон өвчин хүндэрсэн үед энэ вирус нь уушгины хатгалгаа, бронхиттой адил цээж хөндүүрлэх, амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг сааруулах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг байна. 

ДЭМБ-ээс гаргасан коронавирусийн халдвар авах эрсдлийг бууруулах алхамууд:

  • Гараа аль болох удаан сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа сайтар ариутгах
  • Олон нийтийн газраар явахдаа амны хаалт байнга зүүх
  • Халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байх
  • Мал амьтны гаралтай мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг гүйцэт болгож идэх
  • Нийтийн ариун цэврийн өрөөг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд ариун цэврийг дээд зэргээр сахих
  • Төстэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байж, эрүүл мэндийн байгууллагад даруй мэдэгдэх
  • Үхсэн болон амьд амьтанд хүрэхгүй байх
Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>