Ядарсан иргэдийг торгож, ялзарсан улстөрчдийг тэтгэсэн ОУВС
- ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд иргэдийн амьдралд ямар ахиц дэвшил гарсан бэ
- 1980-аад он Латин Америкийн орнуудад "алдагдсан 10 жил” хэмээн нэрлэгдэж, Африкийн орнуудын хувьд нөхцөл байдал бүр дор байсан тул ОУВС-гийн хэрэгцээ шаардлага өндөр байлаа. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан ихэнх орны иргэдийнх нь амьжиргаа улам дордож, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь суларч байв
Төв банкны ёроолдоо хүрээд байсан гадаад валютын албан нөөц 2016 оноос хойш дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч үндэсний мөнгөн тэмдэгт болох манай улсын төгрөгийн ханш тэртээгээс өдий хүртэл эрчтэй суларсаар. Мөнгөний бодлого тодорхойлогчид он гарснаас хойш дотоодын валютын зах зээлд валютын дуудлага худалдаагаар 249.4 сая ам.доллар нийлүүлсэн ч төгрөг сэхэл авахгүй байна. Зах зээл дээрх ам.доллар болгоныг төв банк хамж авсны үр дүнд дээрх нөөц бүрдсэн. Мөн алтны тушаалт нэмэгдсэнээр одоогийн онцлох үзүүлэлт бий болсон билээ. ОУВС-гийн үүрэг даалгаврын нэг нь албан нөөцөө нэмэгдүүлэх байсан. Үүнийг төв банк ягштал биелүүлсэн. Гэвч ам.долларын ханш өсөх тусам импортын хэрэглээтэй, үйлдвэрлэгч бус орны зовлонг иргэд илүүтэй мэдэрч байна. Өрхийн мөнгөн орлогыг ам.долларт шилжүүлэхэд хоёр дахин багасаж, төгрөгийн ханшийн уналтыг биеэр амсах болов. Тодруулбал, нэг сая төгрөгийн цалин өнөөдөр 363.6 ам.доллартай тэнцэж, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр доройтжээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусгавар болно. Үндсэндээ хоёр сар гаруй хугацаа үлдсэн байна. 2017 оны тавдугаар сард эхлүүлсэн энэхүү хөтөлбөрийн үр дүнг өнөөдөр хэмжих цаг. Хөтөлбөр хэрэгжсэн энэ хугацаанд гадаад өр төлбөр дорвитой буурсангүй, ам.долларын ханш өсөж, төгрөгийн ханш сулрах тусам инфляцын эрсдэл нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ханшийн уналтаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өрхийн эдийн засгийг туйлдуулж гүйцлээ. Засгийн газрын ам.доллараар авсан гадаад өрийг төгрөгөөр тооцвол өр улам нэмэгдэнэ. Манай улс дээрх хөтөлбөрт олон удаагийн хэлцэл, хэлэлцээр хийж байсан тэр үед ам.доллар 2423 төгрөгийн ханштай байв. Харин өнөөдөр ам.доллар худалдаж авах үнэ 320 гаруй төгрөгөөр нэмэгдэж, 2751 төгрөг болоод байна. Энэ хугацаанд есөн төрлийн татвар нэмэгдэж, өрхийн бодит орлогыг танав. Өөрөөр хэлбэл, иргэдэд илүү ачаа үүрүүлсэн гэсэн үг. Эрх баригчид татвар нэмэх болсноо ОУВС-гийн өгсөн үүрэг, даалгавар хэмээн өөрсдөөсөө холдуулсан. Гэтэл улстөрчид хөлөглөх унаагаа шинэчилж, Засгийн газрын нэг яам нь гэхэд 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь олныг бухимдуулсан. Өвдсөн хүүхдүүд эмнэлгийн шалан дээр гудаснаас өөр юмгүй хонож байхад албан өрөөгөө тохижуулахын тулд дарга нар 50 сая төгрөг зарцуулсан гэхээр ОУВС ялзарсан улстөрчдийн толгойг илсэн нь харагдана. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд валютын албан нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн хэдий ч төгрөгийн ханшийн уналт эдийн засгийн эмзэг сэдэв хэвээр. Ирэх гурван жилийн хугацаанд Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулахаар байгаа. Гэвч эрх баригчид сэтгэл амар сууна. Өрийн тоолуур харин үл зогсоно. Төв банк хангалттай валютын нөөцтэй гэх боловч төгрөг эзэнгүйджээ. Засгийн газар өрийн тухай бус өөрсдөө дахин сонгогдох гэж хамаг ухаанаа зарж буй бололтой. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн Грек, Аргентины нөхцөл байдлыг бид давтаж, валютын ханшийн эрсдэл нэмэгдсээр. Хариуд нь үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэн дордсоор. Ингэснээр эдийн засаг хумигдаж байна. Эдийн засгаа тогтворжуулж, уналтыг өсөлтөөр солих хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн нь иргэдийн амьдралд хүрэхгүй байгаа нь гачлантай. Сүр дуулиантай хөтөлбөрийн хүрээнд төсвийн тэнцэл ашигтай гарсан ч хөрөнгө оруулалтын үр ашиг ажлын байр нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн орлогыг жинтэй дэмжсэнгүй. Төсөв ашигтай гарахад зэс, нүүрс тэргүүтэй голлох таваарын үнэ нэмэгдсэн нь үлэмж үүрэг гүйцэтгэлээ. Харин давсан орлогыг даруйхан зарцуулах ёстой гэсэн зарчмаар Засгийн газар ажиллаж байна. Үүнийг 2020 оны өндөр зарлагатай төсвөөс тод харж болох юм. ОУВС бидэнд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Гэтэл өнөөдүүл нь ажил хэрэг болох талдаа тун тааруу байв. Тухайлбал, Засгийн газар иргэдээ орон сууцжуулах үндэсний хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх ёстой гэж тэд үзсэн ч манайхан хойшлуулж явсаар өнөөдрийг хүрлээ. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ, Засгийн газрын гаргасан шийдвэрийг эцсийн мөчид төв банк л төгрөг хэвлэх замаар тэглэж болзошгүй байна. Ийм нөхцөл байдал үүсвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрийн үр нөлөө улам бүдгэрнэ гэсэн үг. 2017, 2018 онд төсвийн алдагдал хумигдаж, цэгцэрсэн боловч 2020 оны төсвийн алдагдал талийж өглөө. Гэвч үүнийг ОУВС мэдээгүй мэт чимээгүйхэн өнгөрөөв. Монголын эдийн засаг 2017 оноос хойш ялимгүй дээрдсэн ч хөтөлбөрөөс хүлээж байсан үр дүнг манай улсын урдаа барих эдийн засагчид чамлаж байна. 2019 оны ДНБ-ий үзүүлэлт ирэх сард тодорхой болно. Урьдчилсан тооцооллоор, зургаа орчим хувиар өсөх болов уу гэсэн хүлээлт бий. Энэ нь 2018 онтой ойролцоо гэсэн үг. Төсөв, мөнгөний бодлогын жолоо цулбуураа бусдад атгуулсан гурван жилд таны амьдрал хэр өөрчл өгдсөн бэ. Аж ахуйн нэгжүүд цалингаа нэмсэн үү, шинэ төслүүд эхлүүлсэн үү, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү. Эдгээр асуултын хэд нь тийм гэсэн хариулт авах бол...



