Бейрут хотод гашуудал зарлалаа
Ойрхи Дорнодын Швейцарь гэгддэг Ливан улсын нийслэл Бейрут хотын далайн боомтод мягмар гаригт томоохон хэмжээний тэсрэлт болж хамгийн багадаа 100 хүн нас барж, 4000 гаруй хүн гэмтээд байна. Дэлбэрэлтийн улмаас байшин барилга нурж, цонх нь хагарч, машинууд осолдож, хүмүүс нурангид дарагджээ.
Ерөнхийлөгч Мишел Аун зургаан жилийн турш аюултай газарт хадгалсан 2750 тонн аммонийн нитрат задарч, дэлбэрэлт үүссэн гэжээ. Тэрээр өчигдөр парламентаа шуурхай хуралдуулж хоёр долоо хоног онц байдал зарлалаа. Өчигдрөөс гурван өдрийн туршид тус хот гашуудал зарлана хэмээн албаны хүн мэдэгджээ. Ерөнхийлөгч Аун Засгийн газраас 100 тэрбум лир буюу 66 сая ам.долларыг түргэн тусламжид зарцуулахаа мэдэгдлээ.



