Вашингтон Ираны хоригийг сэргээнэ
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Майкл Помпeо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан Ираны эсрэг хориг арга хэмжээг ирэх сард сэргээхээ мэдэгдлээ. Төрийн департаментын мэдэгдэлд "Майк Помпео энэ сарын 20-21-нд Нью-Йорк хотод ажиллаж, Тегераны эсрэг НҮБ-ын хоригийг сэргээх үйл явцыг эхлүүлнэ. Мэдэгдэл хийснээс хойш 30 хоногийн дараа Иран улсыг уран баяжуулахаа зогсоох, зэвсгийн хоригийг сунгах зэрэг хориг арга хэмжээ хэрэгжинэ" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг шүүмжилж "АНУ Ираны цөмийн хэлэлцээрт нэгдсэн нь Ерөнхийлөгч асан Барак Обама, дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нарын бүтэлгүйтсэн гадаад бодлогын үр дүн юм. Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй" хэмээсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик өмнө нь Вашингтон Ираны цөмийн хэлэлцээрээс гарсан ч хориг арга хэмжээг сэргээх эсэхийг НҮБ-ын гишүүн орнууд шийдвэрлэнэ гэсэн юм. Хэдийгээр НҮБ АНУ-ын тогтоолыг дэмжээгүй ч Вашингтон идэвхтэй байр суурь илэрхийлсний үр дүнд Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр тогтоолд заасны дагуу Тегеранд хэрэгжүүлэх хоригийг сэргээхээр болжээ. 2015 онд баталсан 2231 дүгээр тогтоолд Иран улс уран баяжуулалтаа зогсоогоогүй тохиолдолд НҮБ-ын Иранд тавьсан хориг арга хэмжээг шууд сунгахаар заасан байна.
Бээжингийн эрх баригчид анхны хэлэлцээрт оролцогчдыг виртуал уулзалт хийхийг санал болгосон ч АНУ шууд эсэргүүцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Вашингтоны эсэргүүцэл нь Ираны асуудлаарх яриа хэлэлцээр зогссон гэсэн үг биш" гэсэн юм. Ираны оюун санааны их удирдагч. Али Хаменеи АНУ-ын хориг арга хэмжээг Исламын Бүгд найрамдах улсын эсрэг гэмт хэрэг хэмээлээ.



