Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2020 оны есдүгээр 7-нд тушаал гаргаж, 40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Учир нь энэ 40 хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар гишүүний татвараа гурав ба түүнээс дээш сараар төлөөгүй юм байна.
Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн багц хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Монголын хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоожээ. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.
Хуульчдын холбоо нь нийт 5000 гаруй гишүүнтэй. Сар бүр 20 мянган төгрөгийн татвар авдаг. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж буй хүн бүр хураамж гэж 150 мянган төгрөгийг тус холбооны дансанд тушаадаг.
Ер нь бол "...Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу” гэж Хуульчдын холбооноос асуух хэрэгтэй болж байна.Төрийн бус байгууллагын гишүүд бол сайн дурын шинжтэй эвлэлддэг. Харин Хуульчдын холбоо нь төрийн бус байгууллага атлаа заавал тус холбоонд "ёслохгүй” бол ингэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөөр нь хүртэл оролддог хууль ёсны гэхэд хэцүү сүлжээ хийчихсэн.



