Циркийн сургууль 80 жилийн баяраа “майхан”-д тэмдэглэв
Төв хэсэгтээ хивс дэлгэж, бусад хаяа хатавч хэсгийнх нь шороо ил гарсан, хаалгагүй, хүйт даасан, агааржуулагчгүй нэгэн асарт дэлхий шагшин магтдаг Монголын циркчид бэлтгэлээ хийж байгаа гэхэд итгэхэд бэрх. Гэвч циркийн барилга нь хувьчлагдаж, хуучин байр нь ашиглалтын шаардлага хангахаа больсон нөхцөлд циркийн сургуулийн 80 жилийн ойн тоглолтоо уран бүтээлчид иймэрхүү орчинд хийхээс өөр арга байсангүй. Тодруулбал, Дашчойлин хийдийн дэргэдэх хуучин циркийн байрыг 1894 онд барьж эхлээд 1903 онд ашиглалтад оруулсан. Тиймээс үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас 2012, 2015, 2019 онд гурван удаа ирүүлжээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Гэвч циркчид өөрсдийн гэсэн байргүй ойгоо угтав. Аргаа барахдаа Монгол Улсын консерваторийн хашаанд асар майхан барьж, үе үеийн төгсөгч гэсэн 250 хүнээс өөр үзэгчгүйгээр Циркийн сургуулийн ойн тоглолтоо энэ сарын 10, 11-нд хийв.
Уг нь анх цирк долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байсан. Энэ урлагт үнэхээр хайртай, сэтгэл зүрхээ зориулдаг хэсэг уран бүтээлчдийн хүчээр төрдөө гологдсон Монголын циркийн урлаг өнөөдрийг хүртэл хөл дээрээ тогтож, дэлхийг гайхшруулж явна. Урлаг ойлгодоггүй хэсэг хүний шуналын балгаар циркийнхэн сургуулийн ойгоо "майхан”-д тэмдэглэсэн нь энэ юм.
Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” хэмээн хэвлэлд ярилцага өгөх үеэрээ ярьжээ.



