Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэг бүх сургууль, цэцэрлэгийн хашаагаа зүлэгжүүлнэ
-Өнөөдрийн байдлаар хэчнээн сургууль цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлээд байна вэ. Яагаад сургууль, цэцэрлэгийн орчныг зүлэгжүүлэхээр сонгох болов?
-Баянгол дүүрэгт ерөнхий боловсролын 19 сургууль, 37 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Сургууль цэцэрлэгийн хашаанд мод тарьж, зүлэгжүүлэх орчны газрыг тохижуулах тухай захирамж гаргасан. Энэхүү захирамжийн хүрээнд 10 цэцэрлэг, 5 сургуулийн хашаанд тус бүр 200мкв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөж ажилласнаар өнөөдрийн байдлаар ЭУЦС, ОУЦС, 13, 47, 70 дугаар сургууль, 11, 15, 47, 57, 88, 94, 96, 114, 198, 278 дугаар цэцэрлэгийн хашаанд зүлэгжүүлэлт хийлээ. Сургууль цэцэрлэгийн хашааг сонгосон нь учиртай. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд зүлэг тарихаар эзэнгүй орхигдох, цаашлаад арчилж тордоогүй зэргээс болж ургахгүй жишээ олон байдаг. Иймээс сургууль, цэцэрлэгийн хашааг эзэнтэй гэж сонгон энэ ажлыг эхлүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч өмнө нь ногоон байгууламжгүй байсан сургууль цэцэрлэгийн орчин өнөөдөр цэцгийн мандалтай, зүлэгтэй болж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Багагүй хугацаанд хөл хорионд байсан хүүхэд багачууд цэцэрлэг, сургуулиа зориод ирэхэд нь зүлэгтэй, цэцэгтэй сайхан орчин угтах болно.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн хэмжээний талбайг зүлэгжүүлээд байна вэ?
-Нийт 79 цэцгийн мандалд цэцэг тарьсан. Мөн 2632 ширхэг мод тарьж, 7991 мкв талбайг зүлэгжүүлж, 16642 метр хашаа, хайсыг засварлаж, 4095 мкв явган замыг засаж тохижуулсан байна. Энэ ажил ирэх жил ч үргэлжилнэ. Энэ жил бид дээрх сургууль цэцэрлэгийн хашааг эхний ээлжид сонгож туршлага болгон өөрсдийн нөөц боломжид тулгуурлаж зүлэг тарьсан нь үр дүнгээ өглөө. Энэ ажлаа ирэх жилүүдэд улам чанаржуулж дүүргийнхээ хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлэх юм.







