Машин ачилтынхан автомашинуудыг ачсаныхаа дараа зарлаж байв
Тэгвэл хамгийн багаар бодоход өдөрт 100-150 машин журамлаж, 4,5 сая төгрөгийн хураамж авдаг гэсэн үг. Үүнийг “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах журам”-аар зохицуулж байсан. Иргэд үүнийг эсэргүүцэж “Автомашин байрлуулахыг хориглоно гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй газарт байрлуулсан хэдий ч ачилтын компаниуд эзэнд нь мэдэгддэггүй, эзэн нь гараад ирсэн ч ачаад зугтдаг. Цагдаагийн зөвшөөрөл үзүүлдэггүй” зэрэг гомдлыг ирүүлсээр байжээ.

Машин ачилтын компанийн ажилтан “Та нарын харж байгаачлан машины жолооч нь байгаа хэдий ч уулзвар гарцыг чөлөөлж зогсохгүй байна. Үүнээс болж жижиг, дунд уулзваруудад ачаалал үүсдэг. Зөрчил үүсгэж буй жолоочдын тоо буурахгүй байгаа.Иргэд голчлон уулзвар, гарц, нэгдүгээр эгнээг хааж зогсох, урсгал сөрж машинаа байршуулах болон зогсоолд давхардуулж байрлуулах зэрэг алдааг гаргаж байна. Зөрчил үүсгэж, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст хүндрэл учруулж байгаагаа иргэд өөрсдөө ч ойлгодоггүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах ёстой дүрэм журмыг мэдэхгүй байна. Бид зөрчил үүсгээгүй машиныг улайран ачиж явдаггүй. Зөрчил гаргасан гэдгийг тодорхойлсон цагдаагийн зөвшөөрөлтэйгөөр ачдаг. Харин телевиз, хэвлэл мэдээлэл, түргэн тусламж, онцгой байдал гэх мэт тусгай албаны машин болон буяны ажилд ашиглаж байгаа авто машиныг ачдаггүй ” хэмээн өөрийнхөө байр суурийг илэрхийлж байлаа.


Иргэд журмын хашаанаас машинаа авахдаа зөөж шилжүүлсэн хураамжид 60 мянган төгрөг төлөх зохицуулалттай ажээ. Энэ бол суудлын автомашины төлбөр гэнэ. Харин том оврын автомашинд 90 мянгөн төгрөг, мотоциклд 30 мянган төгрөгийн хураамж ногдуулжээ. Энэ зөвхөн хураамжийн төлбөр бөгөөд үүн дээр зөрчлийн мөнгө нэмэгддэг гэнэ. Харин машинаа ачуулсан жолооч 75551000 утас руу холбогдоод, эсвэл “Auto-Ub.com” гэх сайт руу нэвтрээд ачигдсан машины дугаарыг оруулаад хайх үед машины мэдээлэл гарч ирээгүй бол хураамж төлөх шаардлагагүй байдаг аж.




