Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

506
Орон гэрээ сольж нүүхэд ямар хүндрэлтэй байдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ. Харин бүхэл бүтэн улс тэр аяараа нүүвэл юу болох бол? Тэгвэл дэлхийн дулаарлын улмаас Номхон далайд орших Тувалу улс усанд автаж, газар нутаггүй анхны улс болоход ойртоод байгаа ажээ.
Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

Тус улс нь Номхон далайн өмнөд хэсэгт 5 шүрэн арал, 4 бүлэг арлаас бүрдэн оршдог. Мөн ердөө 26 км2 нутаг дэвсгэртэй тул дэлхийн хамгийн жижиг орнуудын нэгт тооцогдоно.

Харамсалтай нь тус орны хэмжээний тухай мэдээлэлд бүрэн итгэж болохгүй болжээ. Учир нь Тувалу улсын газар нутаг дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор өдөр ирэх тусам багассаар байгаа ажээ.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

Өнгөрсөн 11-р сард дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тувалу улсын гадаад хэргийн сайд Симон Кофе өвдөг хүрсэн усан дунд зогсоод,  НҮБ-ын цаг уурын дээд хэмжээний уулзалтад оролцогсодтой цахим уулзалт хийж байгаа дүр зураг түгсэн билээ.

Түүний хувьд 10-р сарын 31-ний өдрөөс өнгөрөгч сарын 12-ны өдөр Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар бага хуралд оролцох ёстой байсан ч цар тахлын улмаас хөл хорионы дэглэмд байгаа тул ийнхүү цахим уулзалт хийсэн нь тэр байсан аж.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

Тэрбээр усан дунд зогсоод олон улсын төлөөлөгч нарт мэдэгдэл хийхдээ, "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд би Тувалу улс цаг уурын өөрчлөлтөөс улбаатай далайн түвшин нэмэгдэж буй явдлын бодит хохирогч болж буйг мэдэгдэхийн зэрэгцээ орох оронгүй болсоор буй иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал болж байгааг цохон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч тус улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш ердөө 4.8 метрт оршдог тул цаг уур дулаарч, туйлын мөс хайлсаар байвал цаашдаа ямар ч газар нутаггүй болох эрсдэлтэй нүүр тулаад байгаа ажээ.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

Хэрэв Тулаву улс газар нутаггүй болсон тохиолдолд иргэд нь хаачих вэ?

 

Одоогийн байдлаар тус улсын хүн амын тал орчим хувь буюу 5,000 гаруй иргэн төрөлх орноо орхин нүүгээд байгаа юм. Тэдний дийлэнх хэсэг нь Шинэ Зеланд руу нүүсэн бөгөөд цаг уур энэ хэвээр дулаарсаар байвал тун удахгүй газар нутаг нь бүрэн үгүй болсон анхны орон болох магадлал тун өндөр байгаа гэдгийг сонордуулжээ. Түүнчлэн хэрэв тэд газар нутаггүй болвол ямар арга хэмжээ авах талаар ажилдаа хэдийн ороод буй бөгөөд ОУ-ын хууль тогтоомжид газар нутаггүй болсон орны талаар ямар заалтууд байдаг талаар судалж эхлээд байгаа аж.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон

Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй зүйлтэй нүүр тулаад буй тэдний хувьд хэрэв бүх иргэд нь гадаад орон руу дүрвэсэн тохиолдолд тусгаар улс гэсэн статусаа хадгалж үлдэх эсэх нь ч эргэлзээтэй байдалд байгаа юм. Магадгүй тэд дэлхийн анхны "Дижитал улс” болохыг ч үгүйсгэхгүй билээ.

Дэлхийн дулаарлын улмаас газар нутаггүй болж буй анхны орон



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>