Лула да Силва эргэн ирлээ
Өнгөрсөн ням гарагт болсон Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын дүнгээр зүүний хүчний удирдагч Лула да Силва одоогийн Ерөнхийлөгч, “Бразилын Трамп” гэгддэг Жаир Болсонаруг 1,7 хувийн саналын илүүгээр яллаа. 1,7 хувь гэдэг нь ялимгүй зөрүү мэт харагдах боловч 214 сая хүн амтай Бразилын хувьд 2 сая сонгогч юм.Эхний шатны санал хураалт 10 дугаар сарын 3-нд болж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал чадаагүй бөгөөд одоогийн Ерөнхийлөгч, Социал-либерал намын дарга Ж.Болсонару, Хөдөлмөрчдийн социалист намын дарга Луис Инасиу Лула да Силва нар хоёрдахь шатны санал хураалтанд өрсөлдөхөөр үлдсэн юм.
2003-2010 оны хооронд Бразилын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан, мөн авлигын хэрэгт холбогдон шоронд хоригдож, сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулж байсан Лула да Силва улс төрд эргэн ирсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн дунд сэтгэл дундуур байдал газар авч буй энэ үед Латин Америкийн орнуудад зүүний хүчнийхэн засгийн эрхэнд гарсаар байна. Аргентин, Чили, Колумб улсуудад зүүний намууд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Иймээс да Силвагийн ялалтыг Латин Америк орнуудад талархан дэмжиж байна. Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес твиттер хуудсандаа бичихдээ “Латин Америкийн түүхэнд шинэ эрин үе эхэллээ” гэж онцолсон байна.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама хэлэхдээ “Дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй улстөрч” гэж Лулаг үнэлж байв. Ерөнхийлөгчийн албыг шилжүүлэн өгөх үед түүний нэр хүндийн чансаа 85 хувиас дээш байсан гэдэг.
Болсонаругийн үед 4 жил үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг халж, тогтвортой байдлыг сэргээнэ гэж Лула сонгогчиддоо амлажээ. Мөн өлсгөлөн болон орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдгээ илэрхийлсэн байна. Баячуудад ногдуулж буй татварыг өсгөж, цалин хөлсний доод хэмжээ ба нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлснээр олон сая хүнийг ядуурлаас гаргах боломжтой гэж Лула үздэг.
Тэрбээр ерөнхийлөгч болохоосоо өмнө Бразилын сонгуулийн тогтолцоог шүүмжилж байсан төдийгүй ерөнхийлөгч болсоныхоо дараа ч гэсэн ийм байр суурьтай байсан нь хачирхалтай. Сонгуулийн комиссын ажилтнууд саналын хуудсуудыг нууцаар тоолдог учраас сонгуулийн дүнг луйвардах магадлалтай гэж тэрбээр мэдэгдсээр байв.








