Өрнөдийн хэвлэлүүд: Путин БУУЖ ӨГӨХГҮЙ

348

Өрнөдийн хэвлэлүүд: Путин БУУЖ ӨГӨХГҮЙ

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны өргөтгөсөн хуралдаан дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг өрнөдийн хэвлэлүүдийн анхааралд өртөв. В.Путин өрнөдийн орнуудыг "стратегийн өрсөлдөгчид” хэмээн тодорхойлсон бол Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу цэргийн алба хаах насны хязгаарыг 30 хүргэсэн тухай зарлав. Өрнөдийн хэвлэлүүд В.Путины хэлсэн үгийг онцлохдоо:

The Washington Post /АНУ/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын арми тулааны талбарт гаргасан алдаан дээрээ суралцаж буйг дурдаад ОХУ-ын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, шинэчлэх амлалт өгөв. Тэрбээр өрнөдийн ертөнц ЗХУ задран унаснаас хойш Оросоос дүлгэнэж, "соёлт ертөнцөд” нэгдэх боломж олгоогүй” гэв.

CNN: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэд хэдэн санаачилга дэвшүүлж, Путины тодорхойлсноор ОХУ "зайлшгүй мөргөлдөөнд” орно хэмээн онцолсныг дурджээ. Тэрбээр ОХУ-ыг сулруулах, хуваахыг хүссэн НАТО-гийн тэлэлтийг Оросын гол өрсөлдөгч хэмээн зарлав.

The New York Times: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх дэлхийд Украины эсрэг ажиллагаанд бууж өгөхийг хүсэхгүй байгаагаа харуулав. Тэрбээр Өрнөдийн ертөнц, Украин болон Оросын ард түмнийг Орос улс үргэлжлүүлэн тулалдаж, бүхий л хүндрэл саадын даван туулна гэдгийг итгүүлэхийг хүсэв.

Associated Press: В.Путин Украин дахь тулааныг эмгэнэл хэмээн тодорхойлсон хэдий ч тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээн амласан. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 1.5 сая хүргэх тухай мэдэгдсэн. Оросын тэргүүн Оросыг сулруулж, үгүй хийх олон жилийн хүчин чармайлт хийж буйд өрнөдийг дахин буруутгав.

Sky News /Их Британи/: Бид шаардлагатай бүх зүйлээр хангана гэж Владимир Путин өөрийн цэргүүддээ амлав. Гэсэн ч Оросын цэргийн ажиллагаа Оросын Зэвсэгт хүчин өндөр технологи эзэмшээгүй гэдгийг харуулсан. Хориг арга хэмжээ нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Гэхдээ Путин бууж өгөхгүй гэдгийг харуулж байна.

Les Echos /Франц/: Оросыг юу ч зогсоохгүй. Путин цэргийн ажиллагааг зорьсон зорилгод хүргэхийн тулд шаардлагатай бүхий л санхүүжилтийг олгоно гэж амласан. Украины Ерөнхийлөгч дэмжлэг хүсэн Вашингтонд айлчлах үеэр Путин цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх эрс шийдэмгий буйгаа харуулав. Сөргөлдөөн Украинаар хязгаарлагдахгүй, НАТО-гийн эсрэг сөрөн зогсоно. Энэ бол Оросын бодлогын үр дүн биш, бусад улсын бодлогын үр дүн хэмээн мэдэгдэв.

DPA /Герман/: Зэвсэгт хүчний удирдлагад хандаж хэлэхдээ, В.Путин Орос ялалт байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Зэвсэгт хүчнээ шинэчлэх хүрээнд дроныг ашиглахыг уриалсан. Өнөөг хүртэл дрон нь ОХУ-ын ЗХ-ий сул тал байсан.

ANSA /Итали/: Орос улс цөмийн хүчний бэлэн байдлыг дээшлүүлсэн хэвээр байх байна хэмээн В.Путин мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт "Patriot” пуужингаа илгээх тухай мэдэгдсэнээс хойш хэдхэн цагийн дараа Орос улс ойрын үед тив алгасах "Сармат” комплексоо ажиллагаанд оруулна гэв.

Kyodo /Япон/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эрх баригчид улсынхаа бүх иргэдийн аюулгүй байдлыг хангана гэж мэдэгдсэн. Үүнд тэрбээр Украины зүүн болон өмнөдийн дөрвөн бүс нутгийг оруулсан. Үүгээр Путин гал зогсоох болон Украины талтай хэлэлцээ хийх хувилбарыг авч үзэхгүй байна гэдгээ харуулж байна.

NHK: В.Путин "Сармат” тив алгасах пуужин ойрын үед цэргийн харуулд гарна гэж мэдэгдсэн. Үүгээр тэрбээр Украинд тусламж үзүүлж буй АНУ, НАТО-д дохио илгээхийг хүсэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>