Макроны айлчлал
Сүүлийн жилүүдэд Хятад улс ба Барууны орнуудын харилцаа тааламжгүй болоод байгаа үед Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Бээжинд хамтдаа айлчилсан нь энэ долоо хоногт олон улсын анхаарлыг хамгийн ихээр татсан үйл явдал байлаа.
Энэ удаагийн айлчлал бол Барууны удирдагчдын Хятадад хийж буй цуврал айлчлалын үргэлжлэл юм.
Э.Макрон Хятадын удирдагчид хандан, Украинд болж буй дайныг зогсоохын тулд өөрийн нэр нөлөөг ашиглан В.Путинд шахалт үзүүлэхийг хүссэн байна. Учир нь, Барууны хоригт өртөж, тусгаарлагдсан Оросын эдийн засаг Хятадаас улам их хамааралтай болж буй энэ үед Кремльд шахалт үзүүлэх арга хөшүүрэг Ши Жиньпинд бий.
"Оросын талыг ятган ухааруулж, талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадна хэмээн танд найдаж байна” гэж Макрон хэлсэн бөгөөд түүний үзэж байгаагаар, Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн том гүрнүүдийг хоорондоо дайсагналцсан хэд хэдэн эвсэл бүлгүүдэд хуваах аюултай ажээ.
Айлчлалын дүнгийн талаарх баримт бичигт дурдсанаар "Орос-Украины сөргөлдөөнийг эцэс болгох шидэт арга гэж байхгүй, талууд өөрсдөө санаачилга гаргаж, хэлэлцээний ширээний ард суух нь зүйтэй” гэсэн байр сууриа Хятадын удирдагч илэрхийлжээ.
Зэвсэг нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын зүгээс Хятадын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах нь гарцаагүй бөгөөд Европын холбоотнуудаасаа ийм алхам хийхийг шаардах нь ойлгомжтой. Байдал үүндээ хүртэл хурцдах аваас Европын Холбооны эдийн засагт хүндээр тусах болно.
Макрон, фон дер Ляйен нар хамтдаа Бээжинд очсон нь ЕХ-ны гишүүн орнууд нэгдмэл байр суурьтай гэдгийг илэрхийлэх зорилготой байсан хэдий ч эл зорилгодоо хүрч чадаагүй гэдгийг "Politico” сонинд онцолжээ. Жишээ нь, Хятадын тал Макронд хүндэтгэл үзүүлж, фон дер Ляйенийг үл тоосон хандлага гаргасан байна.
Макронтой хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ши Жиньпин мэдэгдэхдээ, дайны явцад цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг давтан хэллээ.
Зарим ажиглагчдын дүгнэж буйгаар, Макрон Гуанжоуд очсон нь Барууны орнууд Хятадын зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөж эхэлснийг харуулж байгаа ажээ.
Европын Комиссын тэргүүний хэлснээр, протекционизмын бодлогын уршгаар Хятадын зах зээлд нэвтрэх боломж тэгш бус байгаа нь харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж байна.





