Суданы сөргөлдөгч талууд энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх баримт бичигт гарын үсэг зуржээ

287

Суданы сөргөлдөгч талууд энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх баримт бичигт гарын үсэг зуржээ

 

ЭР-РИЯД. /Al Arabiya/.
 Суданы арми болон Шуурхай хариу арга хэмжээ авах хүчин энгийн иргэдийг хохироохоос сэргийлэх тухай урьдчилсан хэлэлцээрт Саудын Арабын Жедда боомт хотноо гарын үсэг зурсан талаар "Al Arabiya” телевиз пүрэв гаргийн орой мэдээллээ.
 
 
Сөргөлдөгч талууд Суданы ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина гэдгээ цохон тэмдэглээд, бүслэлтэд байгаа бүсээс бүх энгийн иргэнийг гаргахыг зөвшөөрөхөөр тохиролцсон гэж дээрх сувгийн мэдээнд дурджээ.
 
 
Мөн Суданы бүрэн эрхт байдал, эв нэгдлийг нотолсноос гадна, бусад орнуудын зуучлалын хүчин чармайлтыг сайшаасан байна. Түүнчлэн энгийн иргэдийг хохироох бүх халдлагыг зогсоохыг уриалсан байна. Талууд мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн Суданд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гал зогсоох хэлэлцээг Жеддад өнгөрсөн бямба гаргаас эхлүүлсэн юм.
 
 
Саудын Араб пүрэв гарагт Порт-Судан хот руу 10 тонн хүнс, эмнэлгийн хэрэгсэл зэргийг тээвэрлэсэн тусламжийн дөрөв дэх онгоцоо илгээсэн гэж "SPA” агентлаг мэдээлжээ. 
 
 
Суданы нийслэл Хартум болон бусад бүсэд дөрөвдүгээр сарын 15-наас хойш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд хоёр тал мөргөлдөөнийг өдөөсөн гэж харилцан бие биеэ буруутгасаар ирсэн. "Зэвсэгт мөргөлдөөний улмаас 550 хүн амиа алдаж, 4926 хүн шархадсан” гэж Суданы Эрүүл мэндийн яамнаас тавдугаар сарын эхээр мэдээлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>