"Зүрхэнд аргамжаатай нутаг минь"

1010

2014 оны хавар бичсэн дурсамж маань гурван сарын дараа буюу 6 сарын 30-ны Өдрийн сонинд нийтлэгдсэн юм. Удалгүй баяр наадам болж, 7 сарын 12-ны орой Их тэнгэрт төрийн хүлээн авалтад очоод байтал ард нэг танил дуу гараад явчихлаа. "Өнөөх будлианы эзэн чинь энэ явна" гэх нь тэр. Эргээд хартал дууг нь таньсан ёсоор анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай эхнэртэйгээ зогсож байв. Би ч мэнд мэдэлгүй яахав. Тэгтэл Очирбат гуай мэндийн зөрүүгүй шахам л "Чи чинь ер нь их будлиулж явсан нөхөр байна лээ шүү" гээд инээсэн юм. Тэгсэн хажуугаас нь Цэвэлмаа гуай "Чиний нийтлэлийг бид хоёр уншаад, бага нас, хөдөө суурин гээд олон юм дурссаан, их сайхан нийтлэл байсан, гоё зурагнууд харсан. Манай хүн маазраад л..." гэж бас л инээмсэглээд хэлж билээ.
Энэ дурсамжийг маань Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын дунд сургуулийн 90 жилийн ойд зориулсан номонд ч бас нийтэлсэн юм.
Жаахан урт юм, гэхдээ фэйсбүүк найзууддаа зориулаад бас Ж.Чимэдрэгзэн багшдаа зориулаад нийтэлчихье.

"Зүрхэнд аргамжаатай нутаг минь"
"Зүрхэнд аргамжаатай нутаг минь"
"Зүрхэнд аргамжаатай нутаг минь"

"Үнэ цэнэ"
\Дурсамж цуврал 3/

"Зүрхэнд аргамжаатай нутаг минь"

Салхи сэрчигнэх хэдий ч цаанаа л нэг урин, хүүхдүүд гадаа шуугилдана. Хавар ирж, цаг наашилж яваа нь энэ. Сэтгэлд хүртэл нэг л зөөлөн, цагаан зөн харваж, тэртээ холд үлдсэн дурсамжийн салхи сэвэлзэн, бага насаа санана. Намхан бор толгодтой нутгийн минь тал, Бумбатын гол, домбон ёотон шиг сумын төвийн хэдэн жижиг байшин миний хаа тэртээх, хүршгүй мэт санагдаж асан холын хүсэл мөрөөдлүүдийн минь эхлэл болсон тунчиг эгэл хэрнээ дэндүү том ертөнц минь байж. 
Алс замд бишгүй л явах. Гэвч нутгаа зорин явах зам хамгаас сайхан, хамгаас дотно. Шар нохойтын хөтөл даваад орж ирэхэд улам яарах сэтгэл төрнө. Борын хөндийн уудам талаа цонхоор ширтэж явахад байгал гэгч урлангийн нэгэн гайхамшигт бүтээл нүдний өмнө зурайн, салхин саарч саатах юмгүй эрх дураараа бөмбөрч, сэтгэлд хургасан бүгээн бүхнийг үлдэн хөөх нь ямархан таатай байгааг тэр л замд явах бүрдээ мэдэрдэг. 
Нүдээ аниад нутгаа бодоход зах нь хужиртан цайрч, цэнхэр тэнгэрийг тольдсон Хадан хошууны нуур дэрсэн дундаас цэнхэртэн, дэгдээхийнүүдээ дагуулан хөвөх хос хун сэтгэлд урган тодрох нь яг л уран зураг шиг санагдана. Тал нутагтаа бол далай болсон, сүрлэг, нууцлаг нэгэн гайхамшиг – нутгийн минь нуур. "Хөлгүй нуур” гэдэг үг бяцхан тархинд тун ч хүчтэй, айдас хүйдэс төрүүлэм, гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг байсан юм даг. Гэхдээ сониуч хүслийг минь даллаад л, хаа нэгтээ дэргэд нь очоод удаан хардаг байж билээ.
Хадан хошуу тойруут сумын төв харагдана. Өнөөх л эгэл, танил ертөнц минь намайг тосон налайна. Яагаад гэдгийг хэлж мэдэхгүй ч нэг л дулаан совин буй бүхнийг минь сэрээж, би догдолно. Яг өдийд сургуулийн урд хайсанд улиасны навч ногоорч эхэлдэгсэн. 
Аяа бага нас минь, яг л тэнд нэг очихсон... Хаврын салхинд улиаснууд ганхан, үл мэдэг найгалзаж, навчис нь сэрчигнэж байгаа. Хөвгүүд хүрмээ тайлж шидэн, цүнхээ сүүдрэвчинд овоолж орхиод, охидтойгоо чоно, тарвагацаж байгаа. Эсвэл хоёр мод, жижиг бөмбөг олж аваад лапта тоглож байгаа. Зарим нь булагнан тэвэг өшиглөж, хамгийн мундаг нь давхар дарж, чадвараа гайхуулж байгаа. Охид чартаадаж байгаа. Үе үе шороо босч, өмд хувцас халтартаж байгаа. Дотуур байрны цонхоор охид дуу аялах нь сонсогдож байгаа. Хэн нэгнийх нь хормогчны халааснаас хичээнгүйлэн бичиж, нямбайлан эвхсэн хайрын захиа гарч ирж байгаа. Нар доошилсныг гэнэт анзааран хувцсаа гөвөн тарж байгаа. Талхан дээр сахар асгаад, цайнд дүрээд хазаж байгаа. Түмпэнтэй боорцог төд удалгүй л "түймэрдүүлэн” дундарч байгаа. Дэвтрийнхээ дор нуусан номоо уншаад, амтанд нь халуурч суугаа. Ээжийг дөхөх үед үзгээ шүүрч, хичээл хийж буй мэт тонгойж суугаа. Аяа бага нас минь... Дөнгөж сая би тэртээ хойно үлдсэн тэр л өдрүүддээ буцаж очоод ирлээ. Хамгийн нандин, гэгээн, цагаан өдрүүд минь, зүрх сэтгэлд зурагдаж үлдсэн дулаахан шаргал өнгө минь. Эгэл бүхний дунд, талын нар, салхи, цас, бороон дунд хэрэндээ л эрэмшин, ижий аавынхаа хайран дунд, эрдмийн их өргөө болсон сургуулийнхаа саруул танхимд өсч өндийн, тэнд байхгүй бүхэнд тэмүүлж, мэдэх чадах, эзэмшихийн хүслэнд автаж, өөдөө дээшээ тэмүүлж явсан тэр л үеэ би хязгааргүй холд жигүүр дэвэн зорих бяцхан шувуухайтай зүйрлэн бодож сууна.
Гучин таван үсгээ аль хэдийн тогтоочихсон би гэгч хүн цэцэрлэгт хүргүүлэх замдаа таарсан болгоныг ард урдаас нь уншаад л явдаг байлаа. Тэгж явахдаа замд таардаг сургууль руу байнга харж, "хурдан орох сон” гэж мөрөөддөг байлаа. Тэгэхэд сургууль маань агуу том, гайхамшигтай орд өргөө санагдаж, тэнд харъяалагдаж, үзэг цаас нийлүүлэн сурагч болох хүслэнд дуудан соронзоддог байв. Хэн нэгэн надад зориуд үсэг зааж байгаагүй, уншихын их хүсэл бол миний л хүсэл байж. "Саруул зам” нэгдэл гэдэг үгийг араас нь "мазлуурас” гэж уншаад шоолуулж явсан би долоон нас хүрэхдээ догь уншигч болсон байв. "Сургуульд оръё” гэж ээжээс гуйна. Бие давхар ээж маань "нас чинь болоогүй” гэж хариулна. Үнэндээ бол удахгүй төрөх бага дүүг надаар харуулах санаархалтай байсан юм билээ. Гэхдээ л би мохолгүй, хичээл эхлээд нэг улирал өнгөрчихөөд байхад хүртэл "сургуульд оръё” гэж шалсаар байсан юм. Ээж өөрөө бага ангийн хичээлийн эрхлэгч байсан болохоор заах арга, ур чадвар, зан харьцаа, цэгцтэй цэмбэгэр, ажил хэрэгч, төлөв байдал гээд их л олон талыг нь харгалзан Чимэдрэгзэн багшийг маань сонгон нэгдүгээр улирлын амралтаар хүүгээ шалгуулж, хариуд нь багш "манай ангийнхнаас л дээр юм байна” гэж хэлснээр би гэдэг хүн сургуулийн алтан босгоор алхах эрх авсан юм. Ингээд л цүнх сэлтнээс эхлээд хичээлийн бэлтгэл юу ч үгүй нөхөрт аавын хуучин цүнхний урд халаасыг салган авч оосор хийгээд үүрч явахаас өөр сонголт тухайн үедээ байсангүй. Ядаж байхад ганцхан цагаан толгой багтдаг цүнхээ үүрээд, шууд л хашаа давна. Оосор муутай цүнх арагш унаад хашаан дотор үлдэнэ. Ахиад давж орох, аль эсвэл тойрч гүйгээд хаалгаар орох хэрэг гарна. Ийм байдал ер нь давтагдана шүү. Ингэж л би долоон настайдаа хоёрдугаар улирлаас эхлэн сурагч болсон юм. Дэндүү томоогүй, гэнэн цагаан нас минь киноны кадрууд шиг л зураглагдан тодроход өөрийн эрхгүй л хачин тэнүүнээр мишээж суух. 
Сургуулийн маань "П” хэлбэрт дан байшин одоог хүртэл хүүхэд үеийн тэр л сүрлэг төрхөөрөө сэтгэл дотор сүндэрлэсээр байдаг юм. Алхаж барагдахгүй урт хонгил, тоолж барамгүй олон танхим, эрдэм номын уурхай болсон багш нар, намайг бодвол нэг улирал хичээллэчихсэн ангийнхан, нэг насаар дүү болохоор тэдэн дундаа би давжаа, дээрээс нь бичих дүй тааруу, сургуулийн анхны өдрүүд хэрэндээ л надад ахдуу байсныг санаж байна. Бичих дасгал хийж байгаагүй, хоцрогдмол болохоор нэг ширээнд суудаг Өлзийсүрэнгээсээ суралцах санаатай дэвтэр лүү нь харна. Мань хүн нууна. Сүүлдээ арга сэдэж "Минийхийг харах уу” гэж байж харуулчихаад "Одоо чинийхийг харъя” гэхээр харуулдаг болсон юм. Өлзий гоё бичнэ ч гэж жигтэйхэн, хичээлдээ сайн ч гэж янзын. Дуурайж бичсээр байгаад сүүлдээ Өлзийгөө ардаа хаясан гээд хүүхэд үеийнхээ тэр л мэдрэмжээр нэг хөөрцөглөчихье байз. Үнэндээ хичээлдээ үйлийн үргүй дуртай байлаа би. Гэм нь үзгээ дандаа задалж эвдэн, багшдаа бангадуулдаг байв. Шинэ үзэг бариад ирэхэд багш нүд алдалгүй л хараад байдаг байж. Би ч төд удалгүй л задлаад эхэлдэг байж. Тийм л зүггүй сониуч байж.
Бага анги буюу гуравдугаар анги төгссөний хавар Чимээ багш маань эцэг эхийн хурал хийж, ээж сууж л дээ. Хурал дуусахын хэрд ээж аавууд хүүхдүүдээ асууж, ээж маань ч намайг ямаршуу байгааг асууж гэнэ. Багш "Их хөдөлгөөнтэйгөөр нь харвал үймүүлэгч баймаар. Гэтэл хичээл дээр яг том хүн шиг сууна, маш сайн” гэж тодорхойлж байсныг ээж ердөө л саяхан надад хэлж байгаа юм. Анги дээшлэхийн хэрээр дуу хөгжмийн хичээлд дуртай болж, урлагийн үзлэг, сургуулийн концертонд дуулчих хүсэлтэй болж байв. Дуулж ч байв. Биеийн тамирын хичээлд сайнгүй, гэхдээ дурлана, барилдмаар санагдана. Нэг урлагийн үзлэгээр зодог шуудаг өмсөөд "Ногоон зүлэг байнаа гээд Наадмын ёстой бөх шиг...” гээд дуулж байсан юмдаг. Эргээд санахад бүх зүйл миний мөрөөдлийн илэрхийлэл байж. Удалгүй л бөхийн тайлбарлагч А.Ганбаатарыг дуурайн хэнийг ч хамаагүй цоллож, дуудаж явдаг болсон. Тэр зүйл өнөөдрийн намайг бүтээж бий болгох алс холын алтан гадас од байсан гэж бодохоор мөрөөдөл гэгч зүйл амьдралын харгуйд хөтөч болдог юм гэдгийг хүүхдүүд дүү нарт хэлмээр болдог юм. 
Хичээлдээ бол хий алдалгүй онц сурч байсан. Харин заримдаа хичээлээс гадуурх сонирхолдоо хэт автан ээжийн уурыг хүргэнэ. Нэг өвөл Баян-Өндөрийн хүүхдүүд Сэрээнэн багшийн уриалгаар цанаар амьсгалсан юм. Цас ихтэй ч жил байв. Хичээл тарж ирэв үү үгүй юу модоор хийсэн цанаа бариад Бойны хоолой руу гарч өгнө. Үдшийн бүрийтэй уралдаад л орж ирнэ. Би тэдэн дундаа оросын завод цанатай, мэргэжлийн талдаа гэж байгаа. Аавд дайсан захиасын дагуу Ганбаа ах маань хотоос явуулсан ганган эд байлаа. Гэтэл нэг үдэш гэртээ тогтохгүй, ус түлээнд нэмэр болохгүй байгаа надад уурсан тэвчээр нь алдарсан ээж ганган ногоон цанын маань өрөөснийг хугалаад хаячихаж билээ. Гол харлаад л явчихсан. Гэлээ ч гандан буураагүй, өрөөснийг нь модоор хийгээд ижил буруу хоёр цана хөлдөө углаж аваад гараад өгдөгсөн. Дэндүү гуниггүй, юунд ч хоригдох хүсэлгүй эрх бага нас минь гучаад жилийн өмнөх тэр л янзаараа дэргэд минь ирэх шиг л... 
Онц сурна, дуулна, олимпиадад явна, нийгмийн идэвх сайтай, номын сайн нөхөр гээд хүүхэд насны бахархалт дурсамж бүхэн минь Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуультай, тэр л буйдхан сууринтай салшгүй холбоотой. Номонд дурлах болсны эхлэл нь өссөн гэрийн маань орчин, нөлөө байсан. Манай гэрт байсан хамгийн их хогшил, баялаг бол ном. Аавыгаа би хэзээний л ном сонин шагайж, бичиг цаас нийлүүлж суудаг тэр л төрхөөр нь санадаг. Одоо ч тэр, аавынхаараа хааяа ороход ном сонинтой найзалж, аль эсвэл зурагтын мэдээнд чих тавьж суудаг юм. 
Ээжийнхээ нугаршгүй хөдөлмөрч, үнэнч зан, биднийг гэх дэндүү их хайранд, аавынхаа гүнгэр дөлгөөн зан, ном эрдэмд шүтсэн, үрсээ чин зүрхнээсээ хайрласан бүтэн бүлээн сэтгэл дунд, эгэл мөртлөө энгүй сайхан талын амьдрал дунд, буйдхан сууринд өсч өндийснөөрөө, тэнд л миний бүх замын маань эхлэл тавигдсанд, тэндхийн уулс намайг харан харан өндөлзөж, түшин түшин намбайдгаар бахархан, баярлан суудаг аа би. Зүрхэнд аргамжаатай нутаг минь, зон олон минь энх оршиж, мөнх жаргатугай.

2014.03.30. Улаанбаатар.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Мянганбуугийн Наранбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>