Монголоос түүхэндээ байгаагүй олон тамирчин олимпод оролцоно

1250

Монголоос түүхэндээ байгаагүй олон тамирчин олимпод оролцоно

 

Бразилийн Рио-де-Жанейрод зуны олимпийн 31 дэх наадам эхлэхэд ердөө 126 хоног буюу дөрвөн сар гаруйхны хугацаа үлджээ. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрх олгох спортын төрөл тус бүрийн хариуцлагатай тэмцээнүүд шил шилээ даран үргэлжилсээр байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөхөөр ес (эрэгтэй тав, эмэгтэй дөрөв), байт харваагаар нэг (эрэгтэй), буудлагаар гурав (бүгд эмэгтэй), марафон гүйлтээр дөрөв (хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй), боксоор дөрөв (бүгд эрэгтэй), нийт 21 эрх өвөртлөөд байгаа юм.

 

Түүнчлэн цагаан хуудсаар усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Риог зорино. Энэ 23 тамирчин дээр олимпийн оноо цуглуулж буй жүдогийн бөхчүүд маань бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэмэгдэх төлөвтэй. Мөн чөлөөт бөх, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таэквондо, дугуйн төрлөөр нэмж эрх авах боломж бий.
Ер нь 31 дэх олимпод манай улс урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй, 40 гаруй тамирчинтай оролцохоор байна. Урд нь манай улс "Бээжин-2008”, "Лондон-2012” олимпийн наадамд хамгийн их буюу тус бүр 29 тамирчинтай оролцож байсан билээ. 

 

Ингээд олимпийн эрх олгох тэмцээнүүдэд манай баг тамирчид хэрхэн оролцож буй тухай сонирхуулъя.
Хятадын Чянь Ань хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн олимпийн эрх олгох боксын тэмцээнээс манай дөрвөн ширэн бээлийтэн олимпийн эрхээ өвөртөллөө. Тус тэмцээнд Монголоос эрэгтэй ес, эмэгтэй гурван тамирчин оролцсон юм. 

 

Тэгвэл эрэгтэй боксчид сайн тулалдаж 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Тажикистан, Вьетнамын тамирчдыг илүүрхэн хожиж, мөнгөн медалийн төлөө Узбекистаны хүчтэй боксчин Н.Дусматовт дийлдсэн ч Энэтхэгийн Р.Сингхийг ялж олимпийн эрхээ өвөртлөсөн юм. Манай шилдэг боксчдын нэг Азийн аварга Д.Отгондалай 60 кг-д Ирак, Катар, Япон, Филиппиний тамирчдыг хожин Чянь Анийн рингэнд аваргаллаа.  

 

Тэгвэл 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг Тонга, Катар, БНАСАУ, Киргизийн тамирчдыг илүүрхэн олимпийн эрхээ авч, аваргын төлөө Казахстаны А.Жуссуповтой тулалдсан ч барсангүй.  Мөн 69 кг-д Б.Түвшинбат Тажикистан, Туркменистаны боксчдыг хожин мөнгөн медалийн төлөө Тайландын С.Адид 1:2-оор хожигдоод олимпийн эрхийн төлөө нэмэлт тулаанд Филиппиний Э.Марсиалыг ялснаар хоёр дахь олимпдоо оролцохоор боллоо. Харамсалтай нь, 75 кг-д Н.Шинэбаяр маань мөнгөн медалийн төлөө Казахстан, нэмэлт тулаанд Австралийн боксчинд дийлдэн Рио явах эрхийн оосроос бариад алдав. 

 

Гэхдээ боксчдын хувьд олимпийн эрх нэмж авах боломжтой. Эмэгтэйчүүдийн ДАШТ-д медаль авсан тамирчид Рио-де-Жанейрог зорих бөгөөд Азербайжаны нийслэл Бакуд сүүлчийн эрх олгох тэмцээн болох юм. 

 

Манай дугуйн спортын Азийн анхны аварга Т.Энхжаргал олимпийн эрх олгох цуврал тэмцээнд оролцохоор Швейцарийг зорьсон. Манай дугуйчин анхны тэмцээндээ амжилттай уралдаж, барианд Франц, Швейцарийн тамирчдын араас орж хүрэл медаль хүртсэн.  

 

Энэ сарын 22-нд Улаанбаатарт эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпийн сонгон шалгаруулалтын "The first Last-Chance” тэмцээнд таван тивийн 73 орны баг оролцох мэдүүлгээ ирүүлсэн байна. Уг тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 12 төлөөлөгч, багуудын албаны 81 төлөөлөгч, түүнчлэн 473 бөх, 227 дасгалжуулагч, олон улсын шүүгч 56, эмч, илээч 63, хэвлэл мэдээллийн гурван ажилтан ирэх юм. Урьд өмнө манай улсад спортын ийм өргөн цар хүрээтэй олон улсын тэмцээн болж байгаагүй билээ. 

 

Тус тэмцээнээс сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт гурав, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрт хоёр, нийт 46 олимпийн эрх олгох юм. Эх орондоо болох тэмцээнээс Монголын бөхчүүд эрэгтэйчүүдийн 97 кг, эмэгтэйчүүдийн 48, 75 кг-ын жинд эрх авахын төлөө өрсөлдөнө. 

Жүдо бөхийн хувьд оноо цуглуулах цуврал бүх тэмцээний дүнг үндэслэн дэлхийн чансааг жин тус бүрээр ирэх тавдугаар сарын 30-нд эцэслэн гаргах ажээ. Эрэгтэй долоон жин тус бүрийн чансааны шилдэг 22, эмэгтэй жин тус бүрийн шилдэг 14 бөх олимпийг зорих эрх авах юм. Дээр нь нэмж тивүүдийн чансаанд дээгүүр бичигдсэн жүдочид Рио-де-Жанейрод барилдах ажээ. 

 

Дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон манай жүдочид олимпод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжийг хадгалсаар байгаа билээ.  

Буудлагаар манай гурван эмэгтэй мэргэн бууч Рио-де-Жанейро явах тийзээ хэдийнэ өвөртөлчихсөн. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа спорт гар бууны төрөлд БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд аваргалж, Ц.Мөнхзул спорт гар бууны 25 метрийн дасгалд Азербайжанд болсон дэлхийн цомын тэмцээнд зургадугаар байр эзэлж, Г.Нандинзаяа хийн урт бууны 10 метрийн дасгалд АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарч тус тус олимпийн наадамд оролцох эрхтэй болжээ.

 

Марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од өнгөрсөн жил Германы Хамбург хотын олон улсын марафонд зургадугаар байрт орсноор олимпод уралдах болсон юм.

Байт харваагаар манай Ж.Гантөгс Тайландын Бангкокт Азийн АШТ-д хоёрдугаар байрт шалгаран олимпийн эрхээ авсан билээ.

 

Туялзуур сэлэмний тамирчид БНХАУ-д болох олимпийн эрхийн тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Энэ сарын 11-нд эхлэх тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцох юм. Манай тамирчид анх туялзуур сэлмээр 2012 оны олимпийн эрх олгох тэмцээнд оролцож байсан билээ. 

 

Олимпийн хөтөлбөрт багтдаг таэквондогийн эрх олгох тэмцээн энэ сарын 15-нд Филиппиний Манилад болно. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцох бөгөөд 58 кг-д өрсөлдөх М.Түмэнбаяр хоёр жилийн БНСУ-ын Инчонд болсон Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин. 68 кг-д хүч үзэх Д.Бямбадоржийг ч ур чадвар сайтай тамирчин гэдэг. 

 

Үүнээс гадна паралимпад байт харваагаар хөдөлмөрийн баатар, "Бээжин-2008” паралимпийн аварга Д.Баатаржав, буудлагаар З.Ганбаатар, пауэрлифтингээр Э.Содномпэлжээ, хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд С.Цогтгэрэл нар эрхээ аваад байгаа юм.

 

Манай улсын баг тамирчдын оролцсон болон оролцохоор зэхэж буй олимпийн эрх олгох тэмцээнүүдийн тухай мэдээлэхэд ийм байна. Юутай ч дээр хэлсэнчлэн, Монгол Улс 31 дэх олимпийн наадамд түүхэндээ байгаагүй олон тамирчинтай оролцох нь үндсэндээ тодорхой болжээ. Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээнүүдэд оролцох тамирчиддаа амжилт хүсэн, дээлийнх нь захыг мушгих л үлдлээ дээ.


Д.ЖАВХЛАН /АРДЫН ЭРХ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>