Умайн хүзүүний хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна

144

Умайн хүзүүний хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна

 

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, Монгол дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм.

Өнгөрсөн 2023 онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон гэж Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ хэлэв.

Умайн хүзүүний хавдар үүсгэдэг маш олон шалтгаан байдаг аж. Тухайлбал, хувь хүн өөрөөс нь шалтгаалахгүй бий болдог эрсдэл гэж байдаг байна. Энэ дотор нас, хүйс багтдаг. Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин учраас эмэгтэй хүн болж төрсөн бол энэ эрсдэл бий болно гэсэн үг. Хоёрдугаарт, хорт хавдар насжилт дагадаг өвчин гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Нас ахих тусам гаднын хүчин зүйлийн таагүй нөлөөнд өртөх, мутацид орох, хортой эс болж хувирах байгалийн эрсдэл цаанаасаа үүсдэг ажээ. Ховор тохиолдолд удамшлын нөлөө байдаг байна. Эдгээр шалтгаан нөхцөл нь нийт хорт хавдрын харьцангуй бага хувийг эзэлдэг аж.

Үүнээс гадна умайн хүзүүний хавдрыг үүсгэгч гол хүчин зүйл нь хүний папиллома вирус. Өөрөөр хэлбэл, энэ вирус ямар тохиолдолд хүний биед халддаг вэ гэхээр эр эм хүн бэлгийн харьцаанд орж эхэлсэн үеэс хүний бэлгийн амьдралыг дагаж эмэгтэйгээс эрэгтэйд, эрэгтэй хүнээс эмэгтэйд шилжиж байдаг вирус. Хүн эхээс төрсөн цагаас эхлэн биед нян вирус бий болдог үздэг байна. Хүний дархлааны тогтолцоог хэвийн түвшинд байлгах, гадаад орчны янз бүрийн эмзэг хүчин зүйлийн нөлөөнд хүний эрүүл мэнд тогтвортой байх боломжийг бүрдүүлдэг ашигтай нянгууд байдаг. Харин эсрэгээрээ дагалдаад явдаг ашиггүй нян гэж бас байдаг аж. Тэдгээр нь хүн өвдөх таатай нөхцөлийг хүлээгээд байж байдаг. Улмаар бие махбодь болон сэтгэл санаагаа эрүүл байлгаж чадах юм бол хүний биеийн өвчин үүсгэгч хоруу чанартай нян вирус идэвхгүй нуугдмал хэвээрээ байх боломжтой байдаг. Харин нян идэвхжих таатай нөхцөл бүрдүүт өвчин болж хүний биед мэдрэгддэг вирусын нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус ажээ.

Уг вирусын эсрэг вакциныг 2012 онд Монголд нэвтрүүлэх гэж байсан ч иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас болж уг ажил зогсож байжээ. Тухайн үед уг папиллома вирусийн эсрэг вакцин нь охидыг үргүй болгодог гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд хүчтэй тархсанаас нэвтрүүлэлгүй өнөөдрийг хүрчээ. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс 2012 онд уг вакциныг хийлгэсэн 1000 орчим охиныг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг хийжээ.

Ингэхэд папиллома вирусийн эсрэг вакцины үр дүнг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогджээ.

Улмаар хүний папиллома вирусын эсрэг вакциныг энэ сарын 25-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр болсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>