"Squid Game зураг авалтын үеэр найман шүдээ унагасан"
"Netflix"-ын алдарт цуврал "Squid Game"-ын зохиолч, найруулагч Хван Дун Хюк эхний улирлын зураг авалтын үеэрээ хэтэрхий их стрессдсэний улмаас найман шүдээ унагасан гэж ярьжээ. Энэ оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх "Squid Game 2"-ын зураг авалт зургадугаар сарын 14-нд дууссан. "BBC" агентлаг найруулагч Хван Дун Хюктай уулзаж, орчин цагийн кино дэлгэцийн уран бүтээлд ямар саад тотгор, хэрхэн ажилдаг талаар тодруулжээ.
Эхний улирлын зохиолыг Хван Дун Хюк арав гаруй жилийн турш бичиж, кино болгохын төлөө зорьжээ. Тэрбээр гэр бүлээ тэжээхийн хажуугаар их хэмжээний зээл авч "Squid Game"-ийг бий болгох гэж олон арга хэрэглэсэн аж. "Netflix" Солонгосын зах зээлд орсноор тус улсын уран бүтээлүүд дэлхийн түвшинд танигдаж эхэлснээр Хван Дун Хюкт боломж олдсон.
Энэ талаар түүнээс асууж, хамгийн их санаа зовоосон зүйл юу байсан талаар тодруулахад "Мөнгө" гэж хариулсан байна.
Дээр дурдсан шиг, Хван Дун Хюк их хэмжээний өр тавьсан тул "Netflix"-тэй гэрээ байгуулж, зохиогчийн эрхээ шилжүүлсэн. Уран бүтээлийн ажил эхлэхэд "Netflix"-ээс түүнд урьдчилгаа мөнгө өгч, ихэнх ашгийг компани авсан байна.Тиймээс Хван Дун Хюк кино бүтээхэд зарцуулсан ашгаа олж чадаагүй юм. Тэрбээр хоёрдугаар улирлаа гаргаснаар өмнөх улирлынхаа алдагдлыг нөхөж чадна гэж найдаж байна. Орчин цагийн шилдэг уран бүтээлүүд "Netflix"-ийн тусламжтайгаар дэлхий нийтийн хүртээл болоод байна.
Гэсэн хэдий ч зохиогчийн эрхийг тус компани эзэмшсэнээр уран бүтээлчдэд очих ёстой мөнгө зохих ёсоороо байдаггүй.
Хван Дун Хюк зэрэг найруулагчид олон жилийн турш бүтээлээ бодит болгохыг мөрөөддөг тул санхүүгийн хүнд нөхцөл байдлыг үл тоон гэрээ байгуулдаг байна. Хэтэрхий их стресстсэнээсээ болж шүдээ хүртэл унагасан Хван Дун Хюк энэ удаа хүн төрөлхтний мөхөл юунд хүргэж болох, уруудсан замаас хэрхэн гарч болох болон хүний мөн чанар сайн мууг ялгаж чадах уу үгүй юу гэдгийг тодотгохыг хичээсэн байна. Мөн гол дүрийн жүжигчин И Жон Жэ эхний улирлын жүжиглэлтдээ сэтгэл дундуур байсан тул энэ удаа хичээж, бодит тоглоомд орсон мэт ажиллаж байгаа аж. Мөн гурван жилийн дараа дахин дэлгэцнээ ирж байгаа тул зохиолч Хван Дун Хюк одоо болж буй дайныг кинондоо оруулж өгсөн гэдгээ нуусангүй.