Архангай аймагт АН-ынхан архи тарааж байгаад баригдав

1194

АН-ынхан архи тарааж байгаад баригдлаа

Архангай аймгийн Ихтамир сумын Ардчилсан намын сонгуулийн штабын нэр бүхий ажилтнууд сонгуулийн өмнөх шөнө иргэд сонгогчдод архи тарааж байгаад газар дээрээ баригдлаа. Тус сумын сонгуулийн штабын ажилтан Г.Баярсайхан, Архангай аймгийн "Хүч” клубын тэргүүн Ц.Батзориг, Д.Бат-Од нарын бүлэг хүмүүс иргэд сонгогчдод архи тарааж байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, хошууч Анхбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн ирж шалгасан юм.

Ингэхэд тэдний хөлөглөж явсан УНЗ 32-65 дугаартай жижиг оврын автобус, "Ланд-80” маркийн АРА 50-50 дугаартай машинаас Ардчилсан намын сурталчилгааны зүйлс болох намын туг, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Даваажавын Ганхуягийн сурталчилгааны олон тооны сэтгүүл, сонин болон маш их хэмжээний архи гарлаа. Түүнчлэн цагдаа нарыг ирэхээс өмнө тэдэнтэй хамт явж байсан үл таних микро автобус зүг буруулан зугтсан байна. Дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар цагдаагийн ажилтнуудын хууль ёсны шаардлагыг үл хэрэгсэн автомашинаа дотроос нь түгжиж, шалтгалтын үйл ажиллагааг хоёр цаг гаруй саатуулсан юм.

Сонгогчдод согтууруулах ундаа буюу эд зүйл тараасан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах хуулийн заалттай. Мөн сонгуулийн сурталчилгааны материалыг автомашиндаа авч яваа нь сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссаны дараа сурталчилгаа хийж хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл юм.

Нэмж хэлэхэд, Ц.Батзориг, Д.Бат-Од нар нь удаа дараа сонгогчдод бэлэн мөнгө тараасан гэх үндэслэлээр Архангай аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм байна.

Мөн Ихтамир суманд хэсгийн хороонд сонгогчид саналаа өгөх үеэр цахилгаан тасалж, сонгогчдыг нэлээд бухимдуулжээ.

Т.Баасан

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>