“Исламын улс” буюу алан хядагчдын Халифат
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны зургадугаар сарын 29-нд "Исламын улс” террорист байгууллагын тэргүүн Бакр аль-Багдади Сирийн Ракка хотод нийслэлтэй дэлхийн халифат буюу лалын феодалын улс байгуулснаа зарласан. Тэгвэл өнөөдөр дэлхийн томоохон гүрнүүд Ракка хотыг бүсэлсэн Исламын улсын эсрэг тэмцэлддэг болжээ. Гэвч халифат ч бууж өгөх шинжгүй байна. Исламын улс өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар болсон бэ?
Газар нутаг
"Исламын улс” террорист бүлэглэл Сири, Иракт 2013 онд үүссэн юм. 2014 оны зун гэхэд Исламын улсын дайчид Сирийн газар нутгийн 35 хувийг хяналтдаа авч, нефть, хийн ордтой нутгийн ихэнхийг эзэлжээ. Тус бүлэглэлийн хяналтад багтдаг нийт газар нутгийн хэмжээ 40-90 мянган км.кв-аар хэмжигдэж байв. Америкийн HIS судалгааны төвийн мэдээлснээр 2016 оны хавраас тус бүлэглэл газар нутгийнхаа 22 орчим хувийг алдсан юм.
Хүн ам
Тагнуулын төв газрын мэдээлснээр Исламын улсын арми 33 мянга орчим дайчинтай. Үүнээс 19 мянга нь Иракт, 14 мянга нь Сирид үйл ажиллагаа явуулдаг. Пентагоны зүгээс дайчдын тоог 31 мянга хэмээн тооцжээ. Арми олон үндэстнээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй. Британийн тусгай албаныхан энэ оны гуравдугаар сард халифатын талд 50 улсын иргэн дайтаж байна гэж мэдэгджээ. Үүнээс 70 хувь нь Арабын орнуудын иргэд ч Франц, Герман, Их Британи зэрэг Европын орнуудаас хөлсний олон цэрэг ажилладаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Холбооны аюулгүйн албанаас Оросын 2000 орчим иргэн халифатын талд дайтаж байгааг зарлажээ.
Эдийн засаг
Исламын улсынхан санхүүжилтээ нүүрс-устөрөгчийн түүхий эд, эртний эдлэлийн хууль бус наймаа, түүнчлэн эзэлж авсан газар нутгийнхаа хүн амаас албан татвар авах зэргээр бүрдүүлдэг. Мөн зуучлагчдаар дамжуулан хөрш орнууд руугаа нефтийг хямд үнэтэй борлуулдаг байна. Албан бус эх сурвалжаас үзэхэд ийм худалдаагаар тус бүлэглэлийнхэн өдөрт 1-3 сая ам.долларын ашиг олдог гэнэ. Европын алан хядах ажиллагааны анализын төвийн судалгаагаар өнгөрсөн онд "Исламын улс” бүлэглэл дээрх аргаар 2.4 тэрбум ам.долларын орлого олж, дэлхийн санхүүгийн хамгийн хүчирхэг алан хядах бүлэглэл болж чаджээ. Гэсэн хэдий ч халифатын эсрэг цэрэг дайны идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь сүүлийн үед нөхцөл байдлыг өөрчилсөн байна.
Тухайлбал, Исламын улс бүлэглэлийн нефтийн худалдаанаас олох орлого нэг жилийн дотор нэг тэрбумаас 600 мянган ам.доллар, байгалийн хийнээс олох ашиг 490 мянгаас 350 мянган ам.доллар болтлоо тус тус буурчээ. Зэвсэг Исламын улс бүлэглэл танк, хуягт тээврийн хэрэгсэл, танкны эсрэг систем, зенитийн хэрэгсэл, тэр дундаа зөөврийн зенит пуужингийн цогцолбор зэрэг зэвсэг хэрэгсэлтэй. Олон улсын хүний эрхийг хамгаалах "Amnesty International” байгууллагын мэдээлснээр "Исламын улс”-ын дайчид 25 орноос гаралтай 100 гаруй төрлийн зэвсэг ашигладаг байна. Ингэхдээ зэвсгийн ихэнх хувийг АНУ болон түүний холбоотноос нийлүүлсэн аж. Дайчид зэвсгийнхээ ихэнх хэсгийг Вашингтоны зэвсэглэсэн Иракийн армиас булаан авчээ.
Суртал ухуулга
Шинжээчид шинэ технологи, судалгаа, орчин үеийн трэндийг дагасан суртал ухуулгуудыг Исламын улсын хамгийн гол зэвсэг хэмээн нэрлэдэг. Ялангуяа өөрийн гэсэн сэдэвтэй, тусгайлан сонгосон хөгжим, найруулга бүхий цаазаар авч буй бичлэг нь олон хүмүүст танил болсон. "Исламын улс” бүлэглэл өөрийн гэсэн медиа групп, хэвлэлийн сувгуудтай бөгөөд өдөр бүр халифатынхаа мэдээг дамжуулдаг байна. 2014 оны тавдугаар сард гаргасан "Илдний дуу” ухуулгын шинж чанартай киног нь барууны зарим хэвлэлүүд мэргэжлийн түвшинд, өндөр хэмжээнд бүтээгдсэн кино болсон гэж үнэлж байжээ. Суртал ухуулга, элсэлтээ интернэтээр явуулдаг. Тэд халифатын медиа технологид шинээр хүмүүс нэгдүүлэхийн тулд зөвхөн бичлэг хийгээд зогсохгүй компьютер тоглоом ч гаргадаг байна. Суртал ухуулга дунджаар 23 насны залууст чиглэгддэг аж.
Хяналтдаа авсан газар нутагтаа үйлдсэн гэмт хэрэг
Хүмүүсийг зэрлэгээр цаазалж, эртний хөшөө дурсгалыг сүйтгэх нь Исламын улсын нэрийн хуудас. Ийм төрлийн гэмт хэргийн тоо хэдэн арван мянга хол давжээ. 2015 онд л гэхэд "Исламын улс”-ын бичлэгээр олонд дэлгэж харуулсан золионы хүмүүсийн тоо 5000-аас хэтэрсэн аж. Халифатын дайчид Ирак, Сирид езид, христ, туркмен, курд, суннит зэрэг угсаатны бүлэглэлийг хоморголон устгах бодлого явуулдаг. Соёлын өвийн эсрэг хийсэн хамгийн том гэмт хэрэгт өнгөрсөн оны зун Пальмирын дурсгалыг эвдэж сүйтгэсэн ажиллагаа ордог. Тухайн үед Бэла, Баальшаминий эртний сүм хийдүүд, Ялалтын хаалга зэрэг устаж, үндэсний музей тонуулсан билээ. Исламын улсын дайчид түүнчлэн шиитүүдийн хэдэн арван сүмийг устгаж, эртний ассирийн Нимруд (одоогийн Иракийн газар нутаг) хотын Набу хийд, Мосул хотын ойролцоох эртний архитектурын дурсгал "Бурхны хаалга”-ыг нурааж, 8-10 мянган ховор хэвлэл хадгалагдаж байсан Мосулын төв номын санг дэлбэлсэн байна. Исламын улсын дайчдын дайтаад хаясан газар нутагт мэргэжилтнүүд ховор дурсгалыг сэргээх ажлыг заавал явуулдаг.
Хилийн чанадад явуулсан гэмт хэрэг
Исламын улсыг дэмжигчид бүс нутгаасаа гадуур ч энгийн номхон иргэдэд халддаг. Өнгөрсөн сарын 12-нд АНУ-ын Флорида мужийн Орландод хотод "Pulse” шөнийн гей клуб (49 хүн амиа алдсан), гуравдугаар сарын 22-нд Брюсселийн нисэх онгоцны буудал, Брюсселийн "Малбек” метроны зогсоол (34 хүн амиа алдсан), өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист болон дагуул хотод болсон (130 хүн амиа алдсан) халдлагуудыг санахад л хангалттай. Исламын улс бүлэглэл эдгээр халдлагыг хариуцлагыг хүлээсэн билээ.
POLITIK