Дуурь бүжгийн театрын барилга ба нэгэн мартагдсан түүх

865

Дуурь бүжгийн театрын барилга ба нэгэн мартагдсан түүх

 

Дуурь бүжгийн театр бол манай хотын нүүр царай болсон өвөрмөц хийц хэлбэртэй уран барилгын дурсгал, хол ойрын гийчин жуулчны хараа татдаг барилга гэдгийг бид мэднэ. Харин энэ барилгын үүх түүхийн тухай буруу ташаа зүйл он удаан жил үргэлжлэн бичигдсээр ирлээ. Энэ барилгын зураг төслийг хэн, хэзээ, хэрхэн гаргасан үүх түүхийг манай залуус мэдэж дуулсан байх ёстой, ялангуяа олны унших ном үгүүлэл бичдэг хүмүүст арай зөв мэдээ баримт хүргэхсэн гэж бодож явсан юм. Энэ чинь манай соёлын түүхийн нэг хэсэг юм шүү дээ.

Энэ барилгын түүхийн тухай ном, танилцуулга, үгүүлэлд ер нь "Театрын барилгын зураг төслийг Ж.Самбуу гуай 1941-1942 онд Зөвлөлт Холбоот Улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр хийлгэхээр захиалга өгөхөд, тэр үед Зөвлөлт улсад дүрвэн ирээд байсан германы коммунист уран барилгач Герхард Козель зураг төслийг хийх болжээ. "Үндэсний хэлбэртэй хийх үү?" гэхэд Самбуу гуай "Бид сонгодог маягийн тайзны урлагтай болмоор байна" гэж хариулсан гэдэг. Тэгээд Козель гуай 1968 онд Улаанбаатарт ирж барилгаа харсан гэдэг" гэсэн нэгэн дам, тодорхой баримт нотолгоогүй, аман мэдээ уламжлан иржээ.

1968 онд манайд ирж барилгаа харсан нь үнэн, тэр үед Герхард Козель Ардчилсан Герман улсын Барилгын яамны орлогч сайдаар ажиллаж байсан юм. Зураг төслий нь гаргасан барилгаа үзчихээд, нутагтаа буцаад Козель гуай сонинд дурсамж үгүүлэл бичжээ. Энэ үгүүлэл бол түүний өөрийнх нь бичсэн зүйл учир түүхэн үнэн баримт мөн нь гарцаагүй, хойшид үүнд нь үндэслэж л бичих ёстой юм.

Тэрбээр 1968 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "Нойес Дойчланд" (Шинэ Герман улс) сонинд манай улсын Дуурь бүжгийн театрын барилгын түүхтэй холбоотой үгүүлэл нийтлүүлжээ. Энэ үгүүллийг 48 жилийн тэртээ "Улаанбаатрын мэдээ"сонин 1968 оны 11 дүгээр сарын 12-ны дугаартаа орчуулан нийтэлсэн эхээр танд толилуулъя. "Германы Нэгдсэн Социалист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, БНАГУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Вилли Штоф тэргүүтэй нам засгийн төлөөлөгчид БНМАУ-д нөхөрсөг айлчлалт хийх үеэрээ Улаанбаатарын дуурь бүжгийн улсын театрт болсон ёслолын концерт үзсэн юм. Энэ театрын үүссэн түүх ер бусын билээ.

1942 онд юмсан. Ижил мөрөн дээр фашистуудад шийдвэрлэх цохилт өгөхийн тул Зөвлөлтийн ард түмэн, байлдааны фронт, үйлдвэрийн газар, сургууль соёлын ордон, тариалангийн талбай дээр хүчин чармайлтаа дээд зэргээр шавхан дайчилж байсан цаг билээ. Тэр үед би эзлэгдсэн баруун мужаас Сибирт нүүлгэн авчирсан үйлдвэрийн газрын шинэ барилгын нэгэн хамт олны дунд ажиллаж байлаа. Манай хамт олны хүн бүр үйлдвэрийн газруудыг аль болох түргэн ашиглалтанд оруулж, фронтод яаралтай шаардагдаж байгаа бүхнийг үйлдвэрлэх ганцхан зорилготой байлаа. Тийм халуухан цагт би нэг шийдвэр авч билээ. Манай боловсон хүчний эрхлэгч - За, нөхөр минь тойргийн зөвлөл дээр даруйхан оч! гэлээ. - Тойргийн зөвлөл дээр дуудах ямар хэрэг гараа вэ байз...? Хугацаа нааш татах гээ юм болов уу? Фронтод явуулах гээ юм уу гэж надад бодогдов. Тойргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга яриагаа шуудхан эхлэж: - Бид өнөөдөр танд нэг онцгой даалгавар өгөх гэсэн юм. Та театрын төсөл зохиох болно доо гэдэг байна. - Театр аа? Нөхөр нарийн бичгийн дарга та дайн болж, гитлерийнхэн Ижил мөрөн дээр байгааг мэдэхгүй байна гэж үү? гэж намайг хэлэхэд: - Бидний сайн үйлс олон фронт дээр явагдаж байна шүү дээ гэж нарийн бичгийн дарга хэлээд тэр үед ЗХУ-д сууж байсан БНМАУ-ын элчин сайд, одоо БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ж.Самбуугийн бичсэн захидлыг надад үзүүлж билээ. Яах аргагүй, Улаанбаатарт театр барих тухай захиалга байв.

Гитлерийг эсэргүүцсэн эвсэлд багтан орсон БНМАУ улс ардын аж ахуй, соёлоо хөгжүүлэх зорилт тавьж байсан үе. Үүний дотор улс оронд болсон хувьсгалт их өөрчлөлтийн үзэл санаа, монголын ард түмний дэвшилт уламжлал болон түүний ах дүү ард түмэнтэй байгуулсан гүн зузаан хэлхээ холбоог үг, хөг аялгуу, бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлэн чадах энэ нэгэн барилга орж байжээ. Тус театр гадна байдлаараа тэр хүнд үеийн өдрүүдэд Шостакович мөнхийн 7 дугаар симфоноо туурвин бүтээсэн хот болох Ленинград хотын театртай төсөөтэй байвал зохино гэж элчин сайд бичсэн байв.

БЭРХШЭЭЛТЭЙ ЭХЛЭЛ

Үйлдвэрийн барилгын нөхөд нэмэгдэл үүрэг хүлээн авав.Уран барилгач инженер болон театрын барилгын мэргэжилтэн, үүний дотор зөвлөлтийн уран барилгач М.С.Широв, инженер А.П.Велицкин нарын бүрэлдэхүүнтэй "Теапроектстрой" монтажийн нэгэн байгууллага байгуулагдсан юм.Уг барилгын талбайг судлахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх боломж тэр үед байсангүй.

Таамаглан авсан байрлалын зургийг хотын барилгын байрлалын цорын ганц үндэс болгон бид ажлаа эхэлж билээ.Бид театрын барилгын зохиомж болон барилгад орох материалыг бэлтгэх боломжийг бодолцохдоо бодитойгоор хандахыг хичээсэн юм. Хэдэн сар үргэлжилсэн шургуу ажлын дараа төсөл бэлэн болж, захиалагч маань хүлээн авсан билээ. Бид ч дайн дажинтай үе байсан болохоор тэнд холбогдох шинэ шинэ даалгавар биелүүлэх ажилдаа орлоо. Тэгээд ч театрын зураг төсөлд холбогдолтой нэмэгдэл зургийн ажил ч хүлээж авсангүй, ингээд л Улаанбаатарын театрын тухай учрал төдхөн мартагдаж орхиж.

Дайн дууссаны дараа би нэгэн өдөр Москвагийн Горькийн гудамжаар явж байхдаа чухал үйл явдалд зориулсан ТАСС-ын гэрэл зургийг дэлгэн үзүүлдэг самбараас БНМАУ байгуулагдсанаас хойших 30 жилийн дотор олсон ололт амжилтыг харуулсан зургууд байхыг үзлээ. Тэр зургуудын нэгэн дээр хаа нэгэн газар үзсэн ч юм шиг танил байшингийн зураг байв. Тэгсэн чинь харин Ижил мөрөн дээрх тулалдаан болж байсан хэцүү бэрхшээл гачаал болон ялахын их итгэлийн жилүүдэд үүссэн театр маань байдаг байгаа. Тэхэд өөртөө эрэмших сэтгэл төрж жигүүр ургах мэт болоод монголын нийслэлийн уудам талбай дээр зогсож байх шиг санагдаж билээ.

БИЕЭР ҮЗСЭН МИНЬ

Хэдэн сарын өмнө Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн барилгын байнгын комиссын хуралдаанд оролцох далимаар би уг театрт анх удаа биеэр орж жүжиглэл сайтай, чадварлаг сайхан найруулсан ардын дуурийг маш сонирхон үзэж сэтгэл ихэд хөдлөв. Үзэгчдийн танхим, тааз болон амрах өрөөнүүдийн байрлал ая зохис сайтай болжээ. Бас нам улсаас их арга хэмжээ авсны ачаар тус театрын алдар хүнд мандан бадарчээ. Барилгаараа болон ажлаараа ард түмний найрамдлын театр болсон энэ барилгын үүсэн бий болсон түүх энэ билээ." гэсэн үгүүлэл юм. Дүгнэлт хэлэхийн өмнө энэхүү Герхард Козелийн намтар замналын товчийг дуулгая.

Товч намтар нь Тэрбээр 1909 онд Герман улсад төрсөн. 1927, 1931 онд Мюнхений Техникийн Их сургууль, Берлиний Техникийн их сургуульд архитектурын мэргэжлээр тус тус суралцсан. Улаан Оюутнуудын Клубт харьяалагддаг байгаад 1931 онд Германы Коммунист Намын гишүүн болжээ. 1932 оноос ЗХУ-ын Магнитогорск, Новокузнецк хотод мэргэжилтнээр ажиллахдаа Новокузнецк хотод Төмөрлөгийн ажилчдын ордон, Соёлын ордон, Төв шуудан, Төмөрлөгийн ажилчдын цэцэрлэгт хүрээлэн, Сибирийн анхны нарийн авианы "Коммунар" кино театр зэргийн зураг төслийг боловсруулан байна. Эдгээр барилга өнөөдөр уран барилгын дурсгал хэмээн үнэлэгдэж байна. 1936 онд Москвад шилжжээ. Германд нацизм дэлгэрч, улмаар1938 онд герман иргэншлийг нь цуцалсан байна. 1941 оноос Германы нууц цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтанд оржээ. Дэлхийн 2-р дайны үед Томск хотод цэргийн аж үйлдвэрийн салбарт ажиллаж, Томск хотын барилгын салбарын ерөнхий инженер байв. Дайны дараа цэрэг, технологийн нууц салбарт ажиллаж байгаад 1954 оны 9 сард Герман улсдаа буцаж Барилгын яамны газрын дарга, 1955 онд Төрийн нарийн бичгийн дарга, 1958-1967 онд Германы Нэгдмэл Социалист Намын Төв Хорооны гишүүн байв. 1961 онд Германы Барилгын Академийн тэргүүн болж 1965 он хүртэл буюу Намынхаа удирдлагатай сөргөлдөх хүртэл ажиллажээ. 1967-1972 онд Барилгын яамны орлогч сайд, 1977-1984 онд НҮБ-д ажиллажээ. 1989 оны 6 сард ЗХУ-д хийсэн Германы удирдагч Эрих Хонеккерийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, залуудаа ажиллаж байсан Магнитогорскоо үзжээ. Тэрбээр 2003 оны 9 сард Берлинд нас нөгчжээ.

Соёл судлаач болон нийтлэлчиддээ анхааруулахад

Манай соёлын түүх, Улаанбаатар хотын түүхтэй холбоотой үнэ цэнтэй энэ түүхэн мэдээ баримт нь судлаач, нийтлэлчдийн анхааралд өртсөнгүй, судалгаа - нийтлэлийн эргэлтэнд орж нийтийн мэдлэгийн санд орсонгүй өдий хүрчээ. Тэртээ 1960-аад онд ийм мэдээний ач холбогдлыг ч бага анхаардаг байсан юм болов уу, улсын хэмжээнд тархаж байдаг тэргүүлэх сонинд биш, цөөхөн уншигчтай "Улаанбаатарын мэдээ" сонинд нийтлэгдсэн болоод тэр ч юмуу, хүмүүсийн анхааралд төдий л өртсөнгүй мартагджээ. Бидэнд дам, баримтгүй, цуу яриа байдлаар уламжилж ирсэн мэдээг энэ дурсамж үгүүлэл олон талаар үгүйсгэж, залруулж байгааг та анзаарсан байх. Жишээлбэл,

1. Манай судалгаа, нийтлэлд түүнийг "тэр үед Зөвлөлтөд дүрвэж ирээд байсан" гэж бичдэг нь ташаа байна. Тэр бүр 1932 онд буюу Гитлер засгийн эрхэнд гарахаас өмнө ЗХУ-д ирээд мэргэжилтнээр ажиллаж байж.

2. Захиалга өгсөн оныг манайхан 1941-42 оны гэж баримжаагаар хэлж бичиж ирсэн бол, энэ нь яг1942 он нь тодорхой байна.

3. Самбуу гуайтай "үндэсний хэлбэрээр хийх үү?" гэхчлэн ярилцсан нь ор үндэсгүй, худлаа байна.

Ч.Чимэгбаатар

Эх сурвалж: chimed-chimegbaatar.themedia.jp

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>