Хятад улс Далай ламыг Тайваньд айлчлахыг эсэргүүцэв

923

Хятад улс Далай ламыг Тайваньд айлчлахыг эсэргүүцэв

 

Хятадын төрийн зөвлөлийн Тайваний хэргийг хариуцах газрын төлөөлөгч Ма Шяогуань өчигдөр мэдэгдэл хийж "Тайваний зарим улс төрчид Төвдийн салан тусгаарлагчидтай сүлбэлдэж байгаа нь Тайваний хоолойн хоёр талын харилцаанд муугаар нөлөөлөх болно. Бид Далай ламыг Тайваньд ямар ч хэлбэрээр айлчлахыг хатуу эсэргүүцнэ” гэжээ.

Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ма бас Далай ламыг "шашны өмсгөлтэй салан тусгаарлагч” гэж нэрлэсэн байна.

Мөн Тайваний тусгаар тогтнолыг хатуу эсэргүүцэхээ мэдэгджээ.

Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Тайваний парламентийн гишүүн, хүнд металл хамтлагийн дуучин Фрэдди Лим Энэтхэгт айлчилж Далай ламтай уулзахдаа түүнийг Тайваньд урьсан юм.

Далай лам хамгийн сүүлд 2009 онд Тайваньд очиж далайн хар салхинд өртөгсдөд ном уншиж байжээ. Энэ үеэр эх газрын Хятадын олон жуулчлалын группүүд Тайваньд аялах төлөвлөгөөгөө цуцалж эсэргүүцлээ илэрхийлж байв. Мөн Тайваний ерөнхийлөгч Ма Ин-Жоу Далай ламтай уулзаж чадаагүй юм. Үүний дараа Далай лам Магийн засаглалын хугацаанд Тайваниас ирсэн бүх урилгаас татгалзаж байжээ.

Харин шинэ ерөнхийлөгч Цай Ин-вэн одоогоор Далай ламын айлчлалын талаар байр сууриа илэрхийлээгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Тайваний анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон түүнд Далай лам баяр хүргэж байсан юм.

Цай Ин-вэн төрийн эрхэнд гарсны дараа Хятад-Тайваний харилцаа эрс муудаад байгаа. Энэ нөхцөлд Далай ламын айлчлалд Тайваний шинэ эрх баригчид яаж хандах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

 

Эх сурвалж: Shanghaiist

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>