ТОСТ, ТОСОНБУМБЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙНА

767

ТОСТ, ТОСОНБУМБЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН Ч ӨНӨӨГ ХҮРТЭЛ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙНА

 

"Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл хэмээх залуу учир битүүлгээр амиа алдсанаар олны хараанд орсон Өмнөговь аймгийн "Гурван тэс” сумын нутагт байх "Тост, Тосон бумын нуруу"-ны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.


Хэдийгээр Тост, Тосон бумын нурууг улсын тусгай хамгаалалтад авахаар  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нутгийн иргэдийн саналын дагуу өмнөх парламентын есөн эмэгтэй гишүүн боловсруулан УИХ-аар батлуулж, хилийн цэсийг тогтоох ажлыг Засгийн газарт үлдээсэн ч өнөөг хүртэл биелэлээ олоогүй байгаа аж. 

Тиймээс хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа уг асуудалтай холбогдуулан нутгийн иргэд "Ирвэс хамгаалах сан"-аар дамжуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад захидал хүргүүлсэн байна.


Уг газрыг байгалийн нөөцөд бүртгэж авах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан 2016 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмэгтэй гишүүдийн өгсөн мэдээллээр Тост, Тосон бумбын нуруу орчмын 896 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагийг тогтоох ажлыг Засгийн газар 60 хоногт багтаан хэрэгжүүлэх үүрэгтэй байв. 

30 хувьд нь цоохор ирвэс, аргал янгир, буга, хар сүүлт зэрэг манай улсад төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан төвлөрөн амьдардаг Тост-Тосонбумбын нуруу орчимд 16 орчим лиценз байгааг газар дээр нь ажилласан эмэгтэй гишүүд мэдээлж байсан. Уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр зөвхөн ан амьтан ч төдийгүй сумын иргэдийн амьдрах орчин, булаг шанд, малын бэлчээр зэрэг маш олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж байгааг нутгийн иргэд удаа удаа дараа хөндсөөр байгаа юм.

Тэгвэл яг Тост тосонбумбын нуруунд тусгай зөвшөөрөл эзэмшдэг зургаан компани байдаг талаар байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлж байсан. Харин эдгээр компанийн асуудлыг өдгөө хэрхэн шийдвэрлэсэн нь олны анхаарлыг татаж байна. Ямартай ч дээрх нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз бүхий "Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, "Фокс Майнинг”, "Мөнхийн нохон далай”, "Намуун тод” компаниудыг Тан И Хан, "Эн Си Ар Ай” компани нь Ван Чан гэсэн Хятад иргэдийн эзэмшилд байдгийг "Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн онцлон дурдсан байдаг. 

Нэгэнт тусгай хамгаалалтад авсан газар нутагт үйл ажиллагаа явуулж болохгүй нь ойлгомжтой. Гэвч тусгай хамгаалалтад авах шийдвэр аль хэдийн гарсан ч өдгөө хүртэл биеллээ олоогүйд нутгийн иргэд дургүйцэн ийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ханджээ. 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>