Өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөсөн
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-2017 оны улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Гэтэл нийслэлийн агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин ихэссэн гэсэн судалгаа гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэлээс хэрхэн анхаарч ажиллах вэ?
- Шинэ нийслэлийн удирдлага дөрвөн зүйлд анхаарч ажиллана. Юун түрүүнд бид эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Хэрэв эрх зүйн шинэчлэлийг хийхгүй бол Улаанбаатар хот тулгамдаж буй чухал асуудлаа шийдэх ямар ч боломжгүй болно. Эдийн засгийн хувьд ч боломж байхгүй. Гэхдээ бид тийм байлаа гээд үйл ажиллагаагаа зогсоохгүй.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон асуудлыг шийдэж байж бид агаарын бохирдолттой тэмцэнэ. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн.
Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот- 2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна.
-Дулаан хуримтлуулах цахилгаан инновацийг бий болгоно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ер нь байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхийн тулд төр иргэн хоёр хамтарч зөв технологийг хэрэглэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологийг нэвтрүүлэх юм. Энэ хүрээнд шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.
-Өнгөрсөн дөрвөн жил ч гэсэн "Цэвэр агаар сан”-гаас "Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Сүүлдээ энэ сангийн хэсэг хүмүүс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдож, нийслэлийн утаа ч багасаагүй шүү дээ?
-Одоо нэг зүйлийг ойлго. Утаагүй зуух гэдэг нэрээс салах хэрэгтэй. Утаагүй зуух гэж байхгүй. Гал түлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээгээр утаа гарсаар л байна. Шөнийн цагаар хямдралтай тариф хэрэгжиж байгаа энэ хугацаан дахь эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хуримтлуулж маргаашийн бүтэн өдрийг дулаанаар хангах технологи нэвтрүүлнэ.
Энэ технологийг Монгол Улсад туршаад нутагшуулчихсан. Бид уг технологийг иргэдэд хямдралтай, эдийн засагт нь хүндрэл учруулахгүй байхад чиглэсэн шийдлийг гаргасан. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сантай болно. Айл бүхэн дулаан байхын тулд нүүрс түлдэг. Нүүрсээ авахын тулд мөнгө зарцуулдаг шүү дээ.
Тэгвэл тэр мөнгөө АББС-д шингээж, тэр сангаараа дамжуулан агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй хамгийн том бодлого гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнө нь иргэд халамжийн бодлогоор тараасан зуухыг авч хэрэглэсэн. Харин одоо иргэн ч гэсэн хариуцлага хүлээж, төр иргэн хоёр агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллана.
-Иргэдээс тодорхой хэмжээнд мөнгө гарна гэсэн үг үү. Ойролцоогоор хэдэн төгрөг гарах вэ?
-Инноваци шингэсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний эхний гаргаж байгаа зардал бусад төхөөрөмжтэй харьцуулахад өндөр үнэтэй. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа бүх технологийн гарааны өртөг өндөр үнэтэй байдаг.
Мөн агаарын бохирдлыг бууруулах газарт танилцуулаад хоёр жил туршилт хийсэн "Тулга” гэдэг төхөөрөмж нь өнөөдрийн ханшаар хоёр сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Нийслэлийн барьж байгаа бодлогын хүрээнд энэхүү төхөөрөмжийн үнийг 50 хувь бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө 50 хувийг нь гаргана. Харин төрөөс үлдсэн 50 хувьд хөнгөлөлт үзүүлэх юм.
-Хаанаас нийлүүлэх вэ?
-Энэ бол Германы төхөөрөмж. Гэхдээ энэ зөвхөн жишээ болгож буй төхөөрөмж шүү.