Шуурхай ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна
Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км/ Газрын тосны "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” ХХК-ийн ажилчид 2016.11.24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон тухай дуудлагыг 2016.11.25-ний өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авсан байна.
2016.11.27-ний өдрийн 07:00 цагийн байдлаар иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барж, 26-43 насны нийт найман хүн тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн тус аймгийн Засаг даргын тамгийн газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Хууль зүйн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын хамтарсан шуурхай ажлын хэсэг "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд нөхцөл байдалтай танилцахаар явсан байна.
Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг тус аймагт болсон нөхцөл байдалтай танилцахаар 2016.11.27-ны өдрийн 00:00 цагт Дорнод аймаг руу явсан.
Нийт 23 хүн өртөж, дөрвөн хүн нас барж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтанд, долоон хүн гэртээ хяналтанд орж эмчлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ