Кимихиро Маэта:Шинэ нисэх буудлыг төлөвлөсөн ёсоор нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэтатай цөөн хором ярилцлаа.
Тэрээр "Ориэнтал Консалтантс Глобал” хамтарсан түншлэлийн хүрээнд дээрх төсөл дээр ажиллаж буй юм. Амьдралынхаа ихэнх хугацааг гадны улсад өнгөрүүллээ хэмээж буй энэ эрхэм Зүүн өмнөд Ази, Филиппин гээд олон оронд нисэхийн чиглэлийн төсөл дээр 40 гаруй жил зөвлөхөөр ажиллажээ.
-Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцыг Монголчууд их сонирхож байна. Төлөвлөгөө ёсоор 2017 оны нэгдүгээр сарын 7-нд төслийг хүлээлгэж өгөхөөр тогтсон. Өнөөдрийн байдлаар Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явц хэдэн хувьтай байна вэ?
-Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы Жайкагийн санхүүжилтээр 2013 оны 6 дугаар сард эхэлж байлаа. Цаасан дээрх төлөвлөгөөнөөс эхлэн бүтээн байгуулалтыг босгоход гар бие оролцсондоо сэтгэл хангалуун байна. Төслийн ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй юм. Ажлын гүйцэтгэл өнөөдөр 99 хувьтай байна.
-Монголд анх хийж байгаа дэлхийн хэмжээний нисэх онгоцны буудал учир хөрөнгө оруулалтыг нэлээн их шаардах нь дамжиггүй. Анх нисэх буудлыг барих Техник эдийн засгийн үзүүлэлтээр төлөвлөсөн санхүүжилт хэр өсөв?
- Анхны ТЭЗҮ-гээр 28 тэрбум 800 сая иенийн санхүүжилт орохоор төсөвлөж байсан. Өнгөрсөн жил Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдлээ. Ийнхүү нэмэлт санхүүжилтийг шийдсэнээр нийт 65 тэрбум 600 сая иенийн хөрөнгө оруулалт орсон. Нэмэлт зээлээр техник хэрэгслийг Японоос худалдан авсан. Мөн нэмэлт санхүүжилтээр нисэх онгоцны буудалд зориулсан автомашины дулаан граш, агуулахыг барьж байна. Харин Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гээд гурван байгууламжийг барьж буй бөгөөд ирэх онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барихад Японы "Мицүбиши Чиёода” түншлэлээс гадна ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын "Самсунг Си энд Ти” корпорациоролцож байгаа. Яг одоо туслан гүйцэтгэгчээр монголын хичнээн компани ажиллаж байна вэ?
- Эл төслийг Японы "Мицүбиши Чиёода” түншлэлээс удирдаж буй бөгөөд зөвлөх үйлчилгээг "Ориэнтал Консалтантс Глобал” корпораци гүйцэтгэж байна. Төслийн зам, цахилгаан шугам татах, навигаци суулгах зэрэг ажилд Монголын 40 гаруй компани ажиллаж байгаа. Барилгын талбай дээр нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь Монгол ажилчид ажиллаж буй юм.
- Монголын туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй компани болон Монгол ажилчдын чадамжийн талаар та юу хэлэх вэ?
- Монгол компаниудын хувьд том хэмжээний төсөл дээр ажилласан туршлага бага байсан учир засч залруулах зүйл их гарч байлаа. Нөгөөтэйгүүр нарийн стандарт мөрдөж буй учир давтан хийлгэх тохиолдолууд цөөнгүй гарсан. Гэхдээ монголчууд толгой сайтай хүмүүс гэдгээрээ бусдаас ялгардаг. Гол нь үүнийгээ амьдралд хэрэгжүүлээд сурчихвал дэлхий нийтээс хол зөрөхгүй болов уу. Хамгийн түрүүнд туршлагажих хэрэгтэй.
-Олон улсын томоохон нисэх онгоцны шинэ буудалд туршилтын ажлуудыг хийдэг. Туршилтын ажлыг хийж эхэлсэн үү?
- Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явц дуусч байгаатай холбоотой нэг бүрчлэн техникийн үзлэг хийж, ажлын актуудыг хянаж баталгаажуулахаар МХЕГ, ОБЕГ-ын үүрэг бүхий Техникийн комисс ажиллаж эхэлсэн. Техникийн комиссын акт гарсны дараа ИНЕГ туршилтаа хийх байх.
-Ингэхэд дэлхийн хэмжээний том буудлыг ажиллуулах инженер, техникийн ажилтнууд, үйлчилгээний багийг бэлтгэхэд та бүхэн ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
- Японы Нарита гээд томоохон нисэх буудлууд Монголын талд шинэ онгоц буудлын менежментийн удирдлагыг хамтран хийх хүсэлт гаргасан гэж сонссон. Үүнийг Монголын Засгийн газар болон ИНЕГ-аас шийдэх учир энэ талын мэдээлэл алга.
-Монгол Улсын хувьд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих ажил нэлээн томоохон төсөлд багтаж байгаа. Харин энэ нисэх буудал олон улсын түвшинд ямар ангилалд багтах вэ. Зэрэглэлийн хувьд та мэдээлэл өгөхгүй юу?
- Хүн амын үзүүлэлтээр тооцвол дээд зэрэглэлд орно. Олон улстай жишвэл орон нутгийн нисэх онгоц буудлын ангилалд багтана.
-Аливаа бүтээн байгуулалтыг явуулахад бүх ажил дардан байдаггүй. Энэ төслийг хэрэгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл учирч байв?
-Зүүн өмнөд Ази, Филлифинээс Монголын цаг уурын нөхцөл өөр. Борооны улирлаас шалтгаалан дээрх орнуудад төслийн ажил нэг сараар саатах үе гарч байсан. Харин Монголын хувьд эрс тэс уур амьсгалтай учир жилийн 7 сард л ажиллах боломжтой учир нэлээн хүндрэл гарсан. Мөн дотоодын компаниудын дунд тендэр зарлахад цөөн компани оролцох хүсэлт ирүүлж байв. Тухайн үед Японы талаас бүх асуудлаа шийдчихээд хүлээлттэй байсан. Монголын хувьд хүн амаас шалтгаалан том хэмжээний төсөл цөөн хэрэгждэг учир чадамжтай хэдхэн компаниуд нь төслөөс төсөл дамжин ажилладагт асуудал үүссэн. Учир нь өмнөх төслөө дуусах болоогүй гэсэн шалтгаанаар оролцогч тухайн үед бага байлаа.
-Нисэх буудлын бүх ажил 100 хувийн Япон стандарт, Япон чанарын удирдлага дор хийгдэж байгаа. Монголчууд Японы чанарт ам сайтай байдаг. Дээр та монголын талаас дахин хана өрүүлэхээс эхлээд асуудал үүсч байсан гэлээ. Ер нь гүйцэтгэлийн хувьд 100 хувь Японы стандартыг хангаж чадсан уу ?
-Стандартыг бүрэн хангаж байгаа. Учир нь бид дахин хийлгэх замаар стандартыг бүрэн хангаж ажилласан. Барилга байгууламжийг 100 хувь Япон стандартаар бариагүй. Олон улсын болоод Монгол стандартыг ч нэвтрүүлснээрээ онцлогтой.
- Салхины болон геологийн тооцооллоор шинэ нисэх буудлыг байгуулсан ч нутгийн иргэдХөшигийн хөндий нэлээн салхитай газар хэмээдэг. Нислэг үйлдэхэд цаг агаарын хувьд хэр тааламжтай гэж та дүгнэж байна вэ?
- Салхины хувьд ямар ч асуудалгүй. Асуудал үүсэхэд арга хэмжээ авч болдог. Харин энд 3 жилийн хугацаанд ажиллахад үүл доошилж манан их буудаг нь ажиглагдсан. Үзэгдэх орчин муу харагдахаас эхлээд нислэг үйлдэж буй нисэгчид хүндрэл үүсэх тал бий.
-Шинэ нисэх онгоцны буудал жилд 3 саяас дээш зорчигч хүлээн авна гэж байгаа. Ийм тохиолдолд нисэх онгоцны хүчин чадал ямар хэмжээнд байх бол?
-Жилдээ одоогийн Чингис хаан нисэх онгоцны буудал 900 мянган зорчигч хүлээн авдаг бол энэ тоо шинэ нисэх буудал ашиглалтад орсноор 2 дахин өснө. Харин гурван сая зорчигч хүлээн авах тохиолдолд нэлээн чигжүү хөдөлгөөнтэй байх болов уу. Энэ утгаараа тэлэх боломжтой нисэх буудал барьсан.
-Монголчууд шинэ нисэх буудал хэзээ бүрэн хүчин чадлаараа ажиллах бол гэсэн хүлээлттэй байна. Энэ тухайд?
-Хүний нөөц бэлтгэхээс эхлээд нэлээн ажил байгаа. Тиймээс хугацааг би сайн хэлж мэдэхгүй байна.
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын нэг хэсэг нь хурдны зам. Энэ ажлын талаар танд мэдээлэл байна уу?
-БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж байгаа. Урилгаар очиж ажил байдалтай нь танилцсанаас биш бүрэн мэдээлэл алга. 2018 онд ашиглалтад орох юм билээ.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал