Оффшорын хуулийн төслийг дэмжив

651
 
Оффшорын хуулийн төслийг дэмжив

 

Төрийн болон улс төрийн албан тушаалтнууд оффшор данс эзэмших асуудлыг хориглох тухай хуультай болох нь зөв эсэх тухай асуудал сүүлийн өдрүүдэд нийгэмд эргэлзээ төрүүлсэн сэдэв болсоор байгаа.
 
Энэ нь Засгийн газраас өргөн бариад буй хуулийн төсөлтэй холбоотой юм. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм. Өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаж уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Засгийн газарт буцаах санал гарсан.
 
Уг нь хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглохоор заасан. Гэвч байнгын хорооны гишүүд "Оффшор бүсийг тодорхойлоогүй, оффшорын тодорхойлолт байхгүй байна. Гадаад улс гэдэг нийтлэг үгээр тодорхойлж болохгүй. Түүнчлэн оффшор бүсэд хамаарах газруудыг жагсааж бичих ёстой” гэсэн шүүмжлэлийг хэлж байв. Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд ажлын хэсэг болон салбар байнгын хороонд саналаа хэлснийг сийрүүлэв.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
 
-Энэ хуулиар оффшор бүсийг гадаад улсад гэж тодорхойлохоос өөр гарц байгаагүй. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яагаад хуулийн төслийг буцаах санал дэмжигдсэн юм бэ?
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
 
-Оффшортой хол­боо­той асуудалд оффшор бүс, оффшор үйлчилгээ гэх хоёр ойлголт байгаа. Энэ хоёрыг хольж хутгахаар агуулга нь буруу болоод байгаа юм. Тиймээс энэ бүх ойлголтын зөрүүг зөв болгох хэрэгтэй гэж үзсэн.
 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
 
-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр С.Бямбацогт сайд байгаагүй. Ер нь ерөнхий хэлбэр нь гарчихсан юм. Энэ хуулийн төсөлд гэр бүлийн гишүүд нь оффшор данс эзэмшихийг хориглох заалт оруулж өгөх хэрэгтэй. Үүнийг тусгаад 10-15 хоногийн дотор бичээд оруулаад ирэх боломжтой. УИХ-ын гишүүд нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байхад дэд сайд цахим ертөнцөд элдэв янзын юм бичээд байх хэрэггүй. Цахим ертөнцөд элдэв юм бичээд сууж байхаар хуулийн төсөл дээрээ ажиллаж, ганц нэг юм бичиж сурах хэрэгтэй. Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр сууж байна. Үүнийг анхааралдаа аваарай. Нэг хуудас хууль гэж ямар юм байсан юм бэ. Дэлгэрүүлж бичээд, сайн ажиллаж байж оруулж ирэх хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
 
-Хуулийн төсөлд оффшор бүсийг тодор­хойлох, хуулийн үйлчлэлд хамаарал бүхий этгээдийг тодорхой тусгасан бие даасан хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй. Оффшорын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах нь учир дутагдалтай. Бие даасан хууль боловсруулах нь зүйтэй. Оффшорт данс нээдэг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамждаг схемтэй. Жишиг нь ийм. Гэтэл гэр бүлийн гишүүдийг нь оруулах санал гаргахаар Үндсэн хууль зөрчинө гэж тайлбарлаж байна. Бусдад буюу гэр бүлийн гишүүнд нь гэм бурууг нь халдаахыг хориглоно гэж ярьж байна.
 
Гэм бурууг нь халдаан хэрэглэж байгаа гэж ойлгохгүй байна. Харин үүнийг урьдчилан сэргийлж байна гэж ойлгоно. Халдаан хэрэглэх биш хамтран үйлдэж байгаа этгээдийг урьдчилан сэргийлэх улмаар хуулийн хариуцлага тооцох боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна. Миний хувьд энэ хуулийн төслийг буцаах саналтай байгаа юм. Оффшор данстай гэдэг нь илэрсэн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
 
-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг үг бий. Т.Аюурсайхан гишүүнд хандаж нэг зүйл хэлмээр байна. Бид улс орны томоохон эрх ашиг ярьж байгааг мартаж болохгүй. Бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Мэдээж алдаа дутагдал, хууль зөрчсөн зүйл байдаг бол хуулийн дагуу тэр нь нотлогдоод хариуцлага тооцох ёстой. Бие биеэ хардаж байнгын хороо, чуулганы танхимын микрафоныг ашиглан гүтгэж, доромжилж, дайрмааргүй байна.
 
Манайхан оффшор данс гэхээр хадны мангаа мэт ойлгодог болсон. Өнөөдөр Монгол Улсад ямар нэг хууль эрх зүйн зохицуулалт алга. Үүнээс болж нэг хэсэг нь хождог. Хуулийн цоорхойг ашигладаг. Нөгөө хэсэг нь хохирч, гадны хөрөнгө оруулалт оруулж ирэхээс үргэдэг болсон. Тиймээс хуулийн хүрээнд бизнес эрхлэгчид бизнес эрхлэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах зорилгоор аж ахуй эрхэлж байгаа хүмүүс нь оффшор бүсийг чөлөөтэй ашиглаж болно. Харин төрийн болон улс төрийн албан тушаалтан ямар ч оффшор данс эзэмшихийг хориглох байдлаар хуулийн зохицуулалттай болгоё гэж Засгийн газраас энэ хуулийн төслийг өргөн барьсан. Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа гэр бүлийн гишүүн, хамаатан саданд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг хэлж байна. Болохгүй зүйл байхгүй.
 
Үндсэн хуульд хэн нэгний гэм буруу, ял зэмийг халдаан хэрэглэж болохгүй гэдэг заалт байдаг. Энэ дагуу Засгийн газар хуулийн төслөө өргөн барьсан. Хэрэв гэр бүлийнхээ гишүүний нэр дээр оффшор бүсэд хөрөнгө нууж, хувьцаа эзэмшсэн байвал энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар бүлэглэж эсвэл үгсэн хуйвалдаж хөрөнгөө нуусан гэдгээр асуудал үүснэ. Энэ нь нээлттэй байгаа. Харин төрийн албан хаагчийг хориглосон заалт оруулбал хариуцлага нь илүү чанга болно. Энэ боломжоос нь харж болсонгүй юу.
 
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
 
-Гэр бүлийн гишүүдийн асуудлыг их ярьж байгаа. Ял зэмийг үр хүүхэд, гэр бүлд халдаан хэрэглэж болохгүй. Энэ хуульд хэн нэгнийг гэм буруутайг тогтоох тухай асуудал огт яриагүй. Гэм буруутай болохоос сэргийлэхийн тулд хуулийг санаачилсан юм. Ер нь оффшортой холбоотой асуудал дээр зөв ойлголттой байх ёстой. Оффшор данс, оффшор үйлчилгээ хоёр бол өөр зүйл. Гэтэл энэ бүгдийг холиод яриад байна. Энэ хуульд төрд ажиллаж байгаа хүн оффшор данс хэрэглэхийг хориглоод хувийн хэвшилд ажиллаж байгаа хүнд зөвшөөрнө. Хувийн хэвшилд байхдаа оффшор данс нээгээд төрд орсон бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулж, оффшор дансаа царцаах тухай асуудлыг багтаасан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай гэв.
 
Ийнхүү гишүүд санал хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийг буцаах тухай Байнгын хорооны шийдвэрийг дэмжээгүй учир дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов. Мөн энэ өдрийн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
 
 
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>