Тавантолгой тойрсон таатай мэдээллүүд...

733

Тавантолгой тойрсон таатай мэдээллүүд...

 

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарынхан нэгэн таатай мэдээг хүлээн авлаа. Тодруулбал, "Тавантолгой” төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн Хятадын " Шинхуа” группийн удирдлагуудтай уулзсан юм. Энэхүү ажлын хэсэгт Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх эрх бүхий 19 хүн багтсан аж. Үүнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар оржээ.

Монгол Улсын Засгийн газраас " Тавантолгой” ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй цахилгаан станц, Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай цогцоор нь шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа юм. Уг уулзалтад Хятадын "Шинхуа” группийн дарга Ли Винг, ерөнхий менежер Лиу Ханг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тэд уулзалтын үеэр хэлэхдээ, ‘Танай Засгийн газраас ‘Тавантолгой”-н өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, "Шинхау” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад баяртай байна. Бид танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, энэ төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм. Өмнөх хэлэлцээрт Монголын талаас "Энержи ресурс” компани дангаараа оролцож байсан бол энэ удаа "Олборлолт”, Хишиг арвин индустриал”, "Гранд повер”, "Үндэсний олборлогч”, "Моннис” зэрэг үндэсний компаниуд оролцох юм.
 
Ажлын хэсгийн ахлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, " Бид тооцоо судалгаанд олон cap суулаа. Монгол Улсад ногдох өгөөжийг М.Энхсайхан сайдын хийж байсан хэлэлцээрээс давуу болгох тал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллана” гэсэн юм. "Тавантолгой” төслийг хөдөлгөх хэлэлцээр ийнхүү эхэлснээр уул уурхайн салбарт хөдөлгөөн орох төдийгүй гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг хүндэрч үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь хөрөнгө оруулалтын таатай орчин Монгол Улсад бүрдээгүйтэй холбоотой гэдгийг мэргэжлийн эдийн засагчид онцолж эхэлжээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн эхэлсний эхний үр дүн бол Тавантолгой хэлэлцээр юм. Цаашдаа ч зогсонги байгаа олон мега төслүүд хөдлөх боломж байгаа гэдгийг уул уурхайн салбарынхан хэлж байна. Засгийн газрын зүгээс үлдсэн том төслүүд дээр
ямар байр суурьтай байгаа талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад, " Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлсэн. Ирэх онд эдийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл хөтөлбөр болох "Оюутолгой”-н далд уурхайн төсөл, "Тавантолгой”-н төсөл, Гацууртын орд, Тавантолгойн цахилгаан станц, "ДЦС-3”-ыг өргөтгөх зэрэг төслийг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг ирэх онд гурван хувь болгох зорилтыг дэвшүүлээд байна” гэсэн юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчид бидгоэс юу шаардах вэ гэдэг нь яах аргагүй асуулт дагуулж буй. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ "Аливаа бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв, тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг. Монгол Улсад эдийн засгийн ийм орчин нөхцөл байсан.

Харамсалтай нь, зарим нөхцөлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хязгаарласан, тэднийг ойлгомжгүй байдалд оруулсан бодлогын шийдвэр гаргах тохиолдол байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд таатай орчныг бүрдүүлэхэд бид тодорхой алхмыг хийж байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж байна. Тус зөвлөл нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдад үүссэн дарамт шахалт, хууль бус шаардлага түүнчлэн харилцан ойлголцохгүй байгаа зүйлсийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төвшинд судалж, шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилготой” гэсэн юм. Өнөөгийн эдийн засгийн хямрал зөвхөн нэг талаас биш, дотоодын зохицуулалт буруу байснаас үүдэлтэй гэдэг нь үүнээс ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдаа буурахад гадаад зах зээлийн орчин нөлөөлсөн хэдий ч дотооддоо бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид гарч болох үр дагаврыг дутуу тооцсон, үндэслэл муутай шийдвэр гаргаж байсан нь эдийн засгийн бизнесийн орчинд сөргөөр нөлөөлсөн гэдгийг энд онцолмоор байна.

Энэ талаар Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа хэлэхдээ, "Монгол Улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхайн салбарт ногддог. Дэлхийн зах зээл дээр үнийн шуурга болж буй ч уг салбар манай улсын эдийн засгийн гөл тулгуур хэвээр байна. Өмнө нь 4-5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байв. Гэтэл өнгөрсөн жилийн байдлаар 40-50 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалт  йнхүү огцом буурахад улстөрчдийн популист амлалт, бодлогогүй шийдвэрүүд нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан” гэв. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой салбар дахь гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ
тойрсон асуудлууд Монголд орж ирж буй мөнгийг "үргээсэн” гэж үздэг байна. Энэ нь ч үнэний ортой байх. Тухайлбал, гадаадын хэд хэдэн орны Элчин сайд нар Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт яагаад зогссон байдлыг ийнхүү тайлбарлажээ.
 
Япон Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан ТАКЭНОРИ ШИМИЗҮ:

Монгол Улсын Засгийн газрын бодлого тууштай байх ёстой. Гадаадын компаниуд Монголын төлөө юу хийж чадах бол гэж асуухаас илүү бид гадаадын хөрөнгө оруулагчдын төлөө яах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй юм. Ингэж байж хөрөнгө оруулалт татаж чадна. Өөрөөр хэлбэл, төр засгийн бодлого нь тогтвортой, байгуулсан гэрээ хэлцлээ биелүүлж, тогтвортой, тууштай байх нь чухал. Эдийн засгийн хүндрэл өнөө үед Монголчууд өөрсдөө чармайвал бид туслахад бэлэн байна. Монгол Япон хоёр орон эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ боломжийг ашиглаж чадвал Монголын экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололцоотой.

Канад Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ЭДЖАГГЕР:

Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд холыг харах ёстой. Дор хаяж 15-20 жилийн цаадахыг харах шаардлага бий гэж бодож байна. Монголын эдийн засагт уул уурхай яах аргагүй нөлөөтэй хэвээр байх нь тодорхой. Тэгвэл эрсдэлийн хайгуул хийх нь уул уурхайн салбарын суурь болдог. Иймд хайгуулын ажлыг сэргээх нь чухал. Хэд хэдэн Оюутолгой байж л байгаа. Хайгуулын лицензтэй Канадын 75 компани өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан. Одоо гарын арван хуруунд багтах болсон. Нөгөө талаар алтны 2.5 хувийн татварыг 10 хувьд хүргэж өсгөх асуудал яригдаж байгаа. Ингэж татвар өсгөх нь хөрөнгө оруулагчдад цохилт болох юм.

ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд СТЕФАН ДУППЕЛЬ:

АСЕМ дэлхий нийтэд Монголын тухай зөв сигнал өгсөн. Монгол Улс богино хугацаанд том хэмжээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Одоо макро эдийн засгийн байдлаа тогтворжуулах нь чухал. Ид шид байдаггүй, хийх ажил л байдаг. Энэ арванхоёрдугаар сард Герман, Монголын эдийн засгийн комиссын хурал болно. Энэ үеэр төлөх ёстой зарим нэхэмжлэл яригдах байх. Дараагийн ажил эхлэхээс өмнө бүх зүйл зүгширвэл Германы компаниуд Монголд орж ирэх нь нэмэгдэх байх.

Австрали Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ЖОНН ЛАНГТРИ:

Монгол, Австрали улсад эдийн засгийн хувьд ижил төстэй зүйлүүд бий. Тэр нь уул уурхай, хөдөө аж ахуй. Сайн орчинд сайн хөрөнгө оруулалт орж ирдэг. Өөрөөр хэлбэл, төр засгийн тогтвортой, ил тод, тууштай, залгамжтай байдал хамгийн чухал. Мөн хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих эрх зүйн зохицуулалт зөв зүйтэй, оновчтой байх ёстой. Ингэж чадвал гаднаас хөрөнгө мөнгө татаж чадна.
 
Бид гадаадын хөрөнгө оруулалт яагаад "дайжив” гэдгийг бодит байдлаас харахад ийм байна. Гэхдээ үүнээс гарах гарц бий. Тодруулбал, Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай тодорхой хэмжээгээр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд түүхий эдийн үнийг өндөр болгож, амархан мөнгө олж болох юм шиг ойлгож байсан ойлголтын зөрүү өнөөдөр биднийг эдийн засгийн хямралаар "ташуурдаад” авсан нь аль аль талдаа юм бодогдуулсан. Тиймээс хамгийн эхлээд гадаадын хөрөнгө оруулагчдын тааламжтай орчныг хэюэр хадгалах ёстой гэдгийг анхаарахгуй байж болохгүй нь. Өнгөрсөн дөрвөн жилд гадаадын хөрөнгө оруулагчдыг "үргээлгэнд” оруулсан нь гаднынхны биш, бидний бодлогын алдаа болж таарлаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бид зөв бодлоготой, нэг зорилготой, нэг үгтэй байхад ажил бол эхлэх л юм байна.
 
 
В.ТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>