Утааны эсрэг хэн юу хэлэв...
Олон жил агаарын бохирдлын талаар ярьсан, хийсэн боловч бодит үр дүнд хүрсэнгүй. Энэ жил утаа аюулын харанга дэлдэх болсоныг сануулж ээж аав нар анх удаа энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Тэд Засгийн газраас утааны эсрэг даруй арга хэмжээ авч бодит ажил хэрэгжүүлэхийг шаардсан. Мөн агаарын бохирдлын улмаас хүүхэддээ зарцуулж буй мөнгийг нөхөн олговор хэлбэрээр олгохыг хүссэн юм. Тэгвэл Утааны талаар хэн юу хэлсэнийг хүргэж байна.
БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол " Өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатай. БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор "Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.
Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан.
Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байсан. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана”
Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх "Сүүлийн 15 жил ямар ч өөрчлөлт алга. Өнгөрсөн жил 132.5 тэрбум төгрөг агаарын бохирдлыг бууруулхад зарцуулсан. Бодит үр дүн нь харагдсангүй. Өнөөдөр агаарын бохирдлын эсрэг өнгөрсөн жилүүдэд ямар ямар ажил хийж байсныг зайлшгүй дүгнэх шаардлагатай.
Ингэснээр энэ жил агаарын бохирдлын эсрэг хийх ёстой ажилд зарцуулах мөнгийг зөв тооцоолно. Цаашид нүүрс түлэхийг хориглоно. Ингэхдээ бүрэн хориглох уу, хэсэгчилэн хориглох уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Эхний ээлжинд утааны голомттой бүсэд амьдарч буй 51 сургууль, цэцэрлэгт амны хаалт тараалаа. Мөн сайжруулсан зуух, сайжруулсан түлшийг дахин тараахаар төлөвлөөд байна”
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо.
Монгол Улсын иргэд, тэр дундаа Улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Бид утааны асуудлыг шийдэх бодлого боловсруулж ирсэн ч тодорхой үр дүнд хүрээгүйг өнөөдрийн бодит байдал тодорхой харуулна. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай.
Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Иргэд төр засгаас онцгой шийдвэр хүлээж байна”
Эрчим хүчний сайд П.Ганхүү "21.00-06.00 цаг хүртэл буюу шөнийн тарифыг тэглэхэд хамрагдах гэр хорооллын хэрэглэгчдийн тоо өнөөдрийн байдлаар УБЦТС-тэй гэрээ байгуулснаар 146 мянга байна. Шөнийн тарифыг тэглэхэд одоо үзүүлж буй 50 хувийн хөнгөлөлтийн 3.2 тэрбум төгрөгийн алдагдал дээр нэмж 25.8 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна”.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг "Агаарын бохирдлыг бууруулах бодлогоо тодорхой болгохгүй бол ойлголтын зөрүү маш их байна. Сайжруулсан зуух тараагаад болно гэсэн нэг хэсэг байхад бүрэн шаталттай түлш хэрэглээд асуудал шийдэгдэнэ гэж үздэг хэсэг байна.
Одоо газ ашиглая гэх санаачилга гарах ч юмуу. Энэ мэтээр ойлголтын зөрүүгээ цэгцэлж, бодлогоо тодорхой болгох шаардлагатай. Мөн бямба, ням гаригт цэвэр агаарт гарахыг уриалж, манлайллын ажил ч хиймээр байна. Иргэд яг өнөөдөр юу хийхийг хүлээж, харж байна. Амьдралд нийцсэн шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй”
Б.Цэцэг
24tsag.mn