Ц.Доржготов - " Сүнсэнд шингэсэн гэмшил."
Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг
Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж.
Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ.
Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан.
Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ. Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв! Дахиад сайн шаа!" гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.
Эзгүй ууланд өвөлжингөө уйссан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ.
Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ санасан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.
Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч.
Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ.
Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.
Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав.