Мексикийн хил дээрх хана хэрмийг хоёр жилийн дотор барина

771

Мексикийн хил дээрх хана хэрмийг хоёр жилийн дотор барина

 

Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтын нэг болох Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана хэрэм босгох ажил хоёр жил үргэлжилнэ хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментын тэргүүн Жон Келли мэдэгдлээ. Тэрээр Fox News телевизэд ярилцлага өгөхдөө, хууль бус хил нэвтрэлт, цагаачлал, хууль бус наймаа, хүний наймаанаас сэргийлэх гол зорилготой хана хэрмийг ойрын саруудад босгож эхлэхээр төлөвлөж байна хэмээн ярьжээ. Хамгийн их асуудал, бэрхшээл дагуулдаг хилийн бүсэд эхэлж хана хэрмийг болгож байгаад дараа нь үлдсэн зайг нь хааж нийлүүлэх аж.

Америк-Мексикийн зарим хэсэгт хэрэм босгосын оронд эхлээд сүүлийн үеийн өндөр технологи ашиглаж хяналт тавих юм. Үүний үр дүнгээс шалтгаалж хана хэрэм босгох эсэх асуудал яригдах бололтой. Хана хэрэм босгох зайлшгүй шаардлагатай хэсэг их байгаа аж. Хана хэрэм босгох мөнгө, санхүүг мөдхөн шийдвэрлэнэ гэсэн ч хаанаас, хэдий хэр хэмжээний мөнгө гаргахыг хэлсэнгүй. Ерөнхийлөгч Д.Трамп хилийн хамгаалалтын хашааны мөнгийг Мексик улс гаргана гэж мэдэгдсэн ч Мехикогийн Засгийн газар үүнийг няцаасан билээ.

Тэрбумтан Дональд Трамп Ардчилсан намын Хиллари Клинтонтой Цагаан ордны эзний суудлын төлөө өрсөлдөж байхдаа АНУ-д байнга бэрхшээл учруулж, төсвийн асар их мөнгийг үрж байдаг Мексикийн хил дээрх асуудлыг хана хэрэм босгож шийдвэрлэнэ хэмээн амласан нь багагүй сонгогчийн саналыг татсан гэдэг. Хууль бус цагаачдын эсрэг тэмцлийн явцад Америкийн олон хилчин, цагдаа амь насаа алдсан юм. Давах боломжгүй хана хэрмийг хилийн дагуу босгоод авбал дээрх асуудлыг нэгмөсөн шийдвэрлэж, жил бүр төсвөөс гарч байдаг асар их мөнгийг хэмнэнэ хэмээн Трампын засаг захиргаа үзэж байна. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш хэдхэн хоногийн дараа хилийн дагуу хамгаалалтын хэрэм босгох зарлигт гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу босгох хана хэрэм нь хилийн хяналт, хамгаалалтын салбарт ажиллах хүчний тоог 10 мянгаар нэмэгдүүлэх аж. Хана хэрэм нь АНУ-д нэвтрэх гэсэн хууль бус цагаачид болон Өмнөд Америкийн хар тамхины мафиудын үйл ажиллагааг мэдэгдэхүйц хумина хэмээн Цагаан ордны эзэн хэлжээ. Харин үүнд хэдий хэмжээний мөнгө гаргах нь маргаан дагуулсан хэвээр байна. Хамгийн сүүлд тэрээр, хана хэрэм босгоход арван тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн дуугарчээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Н.МӨНХЖИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>