Нийгэмчлэл: Бороо, Цагаан суварга, Төмөртэйн овоогоор үргэлжлэх үү

842

Нийгэмчлэл: Бороо, Цагаан суварга, Төмөртэйн овоогоор үргэлжлэх үү

 

Шинэ парламентын анхны чуулганыг "Эрдэнэт”-ээр дүгнэж зөв, бурууг хэлэлцэх хүн цөөнгүй байна. 65-ын бүлэг 200 хоногт амжуулсан гялайх ганц ажлаараа хувийн өмчийг төрийнх болгож нийгэмчилснээ нэрлэж байгаа нь энэ. Цагтаа цугладаггүй, санал бодлоо уралдуулж мэтгэлцдэггүй гишүүд чуулган хаахад гэнэт "сэрж” "Эрдэнэт”-ийн асуудлыг тал бүрээс нь дэвэргэж байгаад өндрийг нь авахуулаад баталчихлаа хэмээн шүүмжлэх хүмүүс ч бас захаас аван байна. Үнэндээ "Эрдэнэт”-ийн талаар үг хэлээгүй гишүүн үлдээгүй. Тоотой ганц хоёр гишүүнээс өөр "тоглогч”-гүй мэт харагддаг байнгын хороо, чуулганы танхимд энэ өдөр дуугарснаас дуугүй суусныг нь тоолбол амархан байв. Улсын данс улайсан үед  энэ мэтээр хувийн өмчийг улсад аваад хамаг зүйл сайхан болно гэж эрхэм гишүүд яриад байгаа. Тэгвэл ерөөсөө үлдсэн ордуудаа улсын нэрээр буцааж аваад төр өөрөө ухчихвал ирээдүй хамаагүй илүү гэрэлтэх юм биш үү гэдгийг энэ үйлдлээс харж болохоор.

 

Хэрэв ингэвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гол тоглогч болж, энэ парламентын эхлүүлсэн төрийн өмчийг буцааж авах ажил цааш үргэлжлэх шинжтэй. Нэгэнт хүчээ авсан ажил УИХ-ын тогтоолоор батлагдсан 15 орд руу чиглэх вий. Ингээд үзвэл нийгэмчлэл "олны танил” томоохон орд болох Бороо, Цагаан суварга, Төмөртэйн овоо гээд цааш хөвөрч  чмагадгүй. Чуулганы танхимд  Д.Лүндээжанцан гишүүний хэлсэнчлэн улс орны эдийн засаг хэцүү байгаа өнөө үед түшээд нь эх оронч иргэний зориг гаргаад орд газруудаа төрдөө өгч болохгүй нь юу байхав.  Ч.Улаан гишүүний нэртэй хамт явдаг Төмөртэйн овооны цайрын орд, нийтэд ил болсноор Сү.Батболдынх гэгддэг алтны Бороо, МАК буюу Н.Номтойбаяр гишүүний мэдлийн зэс молибденийн Цагаан суварга ордыг нүнжигтэй эрхмүүд төрдөө буцаачихвал эх оронч, иргэний зориг гаргасан сайн үйлс болох нь гарцаагүй.

Монголын төр дандаа ийм ядуу даржин байхгүй  байлгүй дээ. Баян болчихоороо буцаагаад өгч бас болно үү дээ. "Эрдэнэт”-ийн жишгээр бол төрийн хамгаалалтад орж мэдэх 15 ордыг 2007 онд М.Энхболдын  тэргүүлж байсан Засгийн газарт тухайн үеийн УИХ-ын дарга  Ц.Нямдоржийн гарын үсгээр баталгаажуулсан байдаг. Тогтоолд стратегийн ач холбогдол бүхий ордоор Тавантолгой /чулуун нүүрс/  Нарийн сухайт  /нүүрс/, Багануур /хүрэн нүүрс/, Шивээ-Овоо /хүрэн нүүрс/, Мардай /уран/, Дорнод /уран/, Гурван булаг /уран/, Төмөртэй /төмрийн хүдэр/, Оюутолгой /зэс молибдени/, Цагаан суварга /зэс молибдени/, Бүрэнхаан /фосфорит/, Бороо /алт/, Төмөртэйн овоо /цайр, хар тугалга/, Асгат  /мөнгө/-ыг нэрлэжээ. 

 

Эдгээрээс Асгатын орд "Эрдэнэт”-тэй хамт улсын мэдэлд ирчихсэн,  Тавантолгой дээр төр, хувийн хэвшил талцсан байдалтай байгаа бол Багануур, Шивээ-Овоогийн ордод улс тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Оюутолгой хувийн эзэнтэй, Төмөртэй ордыг  "БЛТ” компани эзэмшиж байгаад цуцалсан гэх. Бүрэнхааны фосфоритын орд "молекул” гэгддэг Н.Батбаярынх буюу Иргэний нийгмийн байгууллагууд хэдэн жил шүүхээр яваад бараагүй гэдэг. Ний нуугүй хэлэхэд "Эрдэнэт”-ээр эхэлсэн нийгэмчлэл Төмөртэйн овоо, Бороогийн орд, Цагаан суваргаар үргэлжлэх болов уу. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "15 ордын  жагсаалт гарсан ч Оюутолгойн ордоос бусад нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд тэдгээрийн дотор Багануур, Эрдэнэтийн ордоос бусдынх нь лиценз хэн нэгэн этгээдийн нэр дээр ашиглагдаж байна” гэдгийг хэлж байсан удаатай.

Түүнчлэн энэ янзаар цааш явбал төд удалгүй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  нефтийн компаниудыг төрийн мэдэлд авах ажлыг өрнүүлж мэдэх юм.


С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>