Тахиа жил өвгөд хөгшид, төрийн өндөр суудалтанд хатуу гэж зурхайн зурлагад буужээ
Хоёрдугаар сарын 27-нд цагаа сарын шинийн нэгэн тохиож байна. Монгол бүр уламжлалт баяр цагаан сараар тухайн жилийнхээ аж амьдралыг билэгдэж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Мөн тухайн жилийн өнгө, нийгмийн байр байдлыг ямар байх гэж сонирхдог.
XVII жарны "Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилд манай улсын нийгэм, эдийн засаг, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг монгол зурхайд хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэн ярихдаа ирэх тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад шороон үхрийн шинжээр үзэхэд "Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож "Салан дагцал” буюу "Үхэр” зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл, үхэр нь толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна.
Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсч, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна.
Энэ зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг байна.