|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

“МИМИ” ГЭХ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭХ НЬ ИХЭСЧЭЭ

“МИМИ” ГЭХ МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН БОДИСЫГ ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭХ НЬ ИХЭСЧЭЭ

 

Өнгөрсөн баасан гарагт Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Төв аймаг дахь таван толгой цэргийн баазад боллоо. Энэ үеэр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга  сүүлийн үед  нүүрс тээврийн жолооч нар хилээр "Мими” гэх  мансууруулах төрлийн бодис ихээр оруулж ирэх болсон нь аюулын харанга дэлдэж байгаа тухай ярьсан юм. 


Тодруулбал Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нар Ханбогд сумтай хил залгаа ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Мими хэмээх бодисыг боодлыг нь таван юань буюу 1,800 төгрөгөөр авдаг байна. Жолооч нар энэхүү кофены төрлийн сэргээх бодисыг олон хоног тээвэр хийхдээ хэрэглэдэг аж.

Хил гарах ба нүүрс, баяжмал ачсан машины цуваа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалалд 2-3 хоног дугаарлахдаа унтахгүйн тулд тээврийн жолооч нар аргагүйн эрхэнд мими хэмээх сэргээшийг хэрэглэдэг бөгөөд тэнд архи, шар айраг маш хямд үнэтэй учраас хавсарч хэрэглэх нь элбэг байдаг гэнэ. 

Сүүлдээ энэ нь явсаар нутгийн иргэдэд дамлан зарах хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл жолооч нар  урд хөршөөс машиндаа нууж оруулж ирэн энгийн иргэдэд зарж, борлуулах болсон байна.  Албаны хүний хэлснээр энэхүү бодисыг худалдан авагч нь ихэвчлэн ажилгүй, мөрийтэй тоглоомонд донтсон  иргэд байдаг аж. Хямд өртөгтэй тул цаашид хүүхэд, залуучууд сонирхон хэрэглэж үзэхийг үгүйсгэхгүй тул  холбогдох байгууллагууд энэ төрлийн хяналтай сайжруулах хэрэгтэй  байгааг ч  онцолж байлаа. 

Одоогоор хүүхэд, залуучууд  хэрэглэсэн, худалдан авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагууд ирээгүй ч жолооч нарын  өдөр тутмын хэрэглээ болжээ. Бүр энэ бодисыг хилээр оруулж байгаад баригдсан, худалдан борлуулсан гэх үндэслэлээр 7,8 хүн эрүүгийн хэрэгт холбогдон  шүүхийн хаалга татах дээрээ тулчихаад байгаа аж. Хамгийн ихдээ 10 кг  "Мими”-г оруулж ирж байгаад баригдсан тохиолдол хүртэл гарчээ. 

Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Ми Ми сэргээх бодис нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд олон хоног нойргүйдүүлж сүүлдээ дасал болдог. Сэтгэцэд нөлөөлж, олон жил хэрэглэвэл тархины наалданги үүсгэдэг нэг төрлийн мансууруулах бодис гэж ойлгож болох юм байна. 
 
Иймд хилийн боомт орчимд газар аваад байгаа нэг төрлийн  мансууруулах бодисын асуудлыг яаралтай таслан зогсоохгүй бол цаашид ихээхэн аюул тарьж мэдэхээр байна. 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.