ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ МАРТАГДАВ

957

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ МАРТАГДАВ

 

Шинэ станцтай болох сураг гараад арав гаруй жилийг үдлээ. Нийслэлд дэх хүн амын нягтралшил өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Гэр хорооллын айлуудад цахилгааны хязгаарлалт хийж цахилгаангүй хэдэн цаг суух нь жирийн үзэгдэл болчихлоо. Улаанбаатар утаанбаатараас шөнийнбаатарт шилжих нь энүүхэнд болоод байна. Шинээр байгуулагдаад найман сарын нүүр үзэж байгаа Засгийн газар энэ талаар одоо хүртэл ам дуугарсангүй.

Тавдугаар цахилгаан станц нь төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж байгаа анхны том төсөл. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой. Хамгийн сүүлд өмнөх Засгийн газрын үед цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийж байгаа. Төмөр замын байгууламжийн судалгаа удаашралтай байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус байгууламжийн ТЭЗҮ боловсруулагдаагүй л байна. "Мэргэжил”-ийн гэх Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулсангүй.

Уг нь Францын "Жи Ди Эф Суэз”, Японы томоохон худалдааны корпорац "Сожитц”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэр БНСУ-ын "Поско”, Монголын "Ньюком” групп багтсан консорциумд Тавдугаар цахилгаан станцыг хөрөнгө оруулж барих эрхийг олгосон байдаг. Ингэснээр станцын барилгын ажлыг 2017 он буюу энэ онд дуусгах төлөвлөгөөг өмнөх Засгийн газрынхан дуулгаж байсан. Гэсэн ч барилгын ажил эхлэх эхлэх тухай заасан дээрх шийдвэр шарлан үлдлээ.

Улаанбаатар хотыг дулаан, Төвийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангадаг    Дулааны 2-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа дуусч, ДЦС-3, ДЦС-4-ийн насжилт 30- 40 жилд хүрээд байгаа нь эдгээр эх үүсвэрүүдийн найдваржилт муудаж, тоноглолын үйл ажиллагаа ихээхэн доголдож байгаа талаар холбогдох албаныхан сануулсаар байгаа. Энэ хүнд байдлыг шийдвэрлэх зорилгоор цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулах тухай ярьсаар өнөөдрийг хүрээд байна. Гэвч үе үеийн Засгийн газар тавдугаар цахилгаан станцын төслийг ивээлдээ багтаасангүй.

Монгол Улс эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болох мөрөөдөл ч түүх болон замхарч байна. Энэ зуур Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятадаас худалдан авч,  гадагшаа урсгадаг ам.долларын хэмжээ улам өссөөр л байна.
 
П.ГОО
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>