Хаврын синдром хам шинж мөн үү

1050

 

Урин цаг ирэхээр яагаад хүн бүрийн сэтгэл гэгэлзэж эсвэл ганцаарддаг юм болоо. Юутай холбож тайлбарлахаа мэдэхгүй ч хүн болгон үүнийг хаврын синдром гэдгийг мэддэг байхаа. "Бэмби” гэдэг хөөрхөн хүүхэлдэйн кинонд хаврын өвчин гэдгийг хөөрхөн тайлбарлаад өгчихсөн байдгийг санаж байна уу?

Яг л үүнтэй адилхан. Хавар болохоор яагаад ч юм ганцаараа ч гэсэн гудамжаар алхах сайхан байдаг тиймүү? Магадгүй хэн нэгэнтэй хөтлөлцөөд алхаж болох л байх. Гэвч хүмүүсийг ажиглаад амьдрал яаж үргэлжилж байгааг мэдрээд бас өөрийнхөө юу хүсэж байгааг дотроо чагнаад алхах шиг сайхан зүйл байхгүй ч юм шиг...Хавраа гэж...

Хахир хүйтэн өвөл ард үлдэж, зуны дэлгэр цаг тун ойртсон энэ үед хэн хүнгүй дайрагддаг нэгэн зүйл бол хаврын синдром. Синдром гэдэг нь сэтгэл сэргээгч серотонин хэмээх гормон нарны гэрлийн нөлөөгөөр идэвхижиж байгааг хэлж байгаа аж. Синдром нэг талаараа олон сайхан зүйлийг бий болгож байдаг байна. Хэн нэгэн хүнийг хостой болгож өгнө, хэдий ядардаг ч эрч хүчтэй байдлыг илүү олон хүнд түгээдэг гээд. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл синдром нөлөөлдөг байх. Багачууд тоглоомын талбай орж найзтай болохыг хүсч эхэлдэг. Харин залуус найз охин, хөвгүүнтэй зугаалахыг болзохыг мөрөөддөг байна. Харин хөгшид буурлууд маань үе тэнгийнхэнтэйгээ гадаа сууж яриа хөөрөө өрнүүлэх, хөзөр, даалуу тоглох гээд бүгдээрээ л гадаах орчинд тэмүүлж эхэлдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

Энэ томъёог сонсоогүй хүн гэж байхгүй биз. Хавар болохоор таньдаг мэддэг хүмүүс гэнэт уурлах эсвэл баярлах гэх мэтээр санаанд оромгүй авир гаргаад эхлэхээр бүгд "Нөгөөхийн чинь хаврын синдром нь хөдөлчихөж” гэцгээдэг. Эсвэл өөрийнх нь нойр их хүрээд уцаарламтгай, гомдомтгой болоод үе үе хэнгэнэтэл санаа алдаад ирэхээрээ "Нөгөө хаврын синдром нь энэ юм байлгүй” гэцгээнэ. Бүгд л хаврын "синдром” гээчийн талаар сайн мэддэг юм шиг атлаа нарийвчлаад асуухаар мэддэг хүн байхгүй болж таардаг. Тэгвэл хаврын синдром гэж юу вэ? Уг гарлаараа энэ синдром гэх үг грекээс гаралтай, хамтдаа удирдах чиглүүлэх гэсэн утгатай хэмээн хаанаас ч билээ уншиж байсан санагдана. Гэвч энэ нь хэрэг дээрээ анагаах ухаан, тэр дундаа сэтгэцийн уур бухимдлын илрэлийг илүүтэй илэрхийлдэг бололтой юм. Хаврын синдром гэж өвчин үү? Яахаараа хавар болохоор нөхдүүд жагсаж, яахаараа хавар болохоор онц ноцтой хэргүүд гарч, яахаараа хавар болохоор амиа хорлолт ихэсдэг юм бол? Иймэрхүү асуултанд сэтгэл зүйч нар янз бүрийн хариулт өгдөг. Хэн дуртай зарим нь "хаврын синдром” хэмээх онош тавьж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргана. Шүүх сэтгэц гэм судлаач эмч нарын хэлснээс үзвэл хавар болохоор хүмүүс ядарч, дээрээс нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор нуугдмал байсан сэтгэцийн өвчин, эмгэг сэдэрдэг бололтой. Тэрнээс биш улирлын өвчин гэж ер байхгүй юм байна. Зүгээр л зарим нь ийм тохиолдолыг хэт соргогоор мэдэрдэг байж болох. Хүн бол хаврын синдром намрын чуулган гэж оюун ухаанаа хэрэггүй юманд үрэх тийм жижигхэн амьтан биш юм, оюун санааны дээд эрх чөлөөг эрэлхийлэх ёстой юм.

Ер нь хавар илэрч байгаа сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг хаврын улиралтай шууд холбож үзэж болохгүй. Хүмүүс өвөл их тайван тогтвортой байж байгаад хавар болж бүх зүйл тавигдаад ирэхээр сэтгэлдээ баяр баясал, хямрал зэрэг олон зүйлийг мэдэрч гаргаж байгаа хариу үйлдэл гэж хэлж болно. Зарим мэргэжилтэн "Хаврын "синдром” гээч зүйл огт байдаггүй, санаанаасаа зохиосон зүйл, наад үгийг чинь монголоор "хам шинж” орчуулдаг юм” гэцгээдэг. Хүний хувийн онцлог, зан аашийн өвөрмөц зүйлстэй холбоотой төдий гэж үздгийг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, "синдром” нь хавар байна уу, зун байна уу огт ялгалгүйгээр зан аашийнхаа онцлогоос хамаарч дандаа л ажиглагдаж байдаг гэнэ.Тэгэхээр нэг л "синдром”-той хүн хаана ч, хэдийд ч "синдром”-тдог. Өөдрөг зантай дайчин хүн ямар ч улиралд өөдрөг л байна. Гутранги үзэлтэй, сулбагар хүн ямар үед хэвээрээ л байна шүү!

Д.Оюун

bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>