|
Видео

Шинэ мэдээ

АВСТРАЛИЙН ҮЕР БА АЛДАГДСАН БОЛОМЖ

 

АВСТРАЛИЙН ҮЕР БА АЛДАГДСАН БОЛОМЖ

 

"Австралид үер боллоо” гэх мэдээ монголчуудын хувьд баярт үйл явдал гэлтэй. Ямар сайндаа л Австралийн нүүрсний гол ордууд байрладаг бүс нутгийг Дэбби хар салхи дайрах нь гэх сургаар Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл "Бовен бассэйнд бороо бороо ороосой” хэмээн твиттер хуудастаа жиргэж хөөрцөглөж суух билээ дээ. Бүхэл бүтэн нэг улсын төрийн дэд сайд хүн шүү.

Тодруулбал, 2008 онд Квийнслэнд мужид үер болсны дараа нэг тонн нь 96 ам.доллар байсан коксжих нүүрсний үнэ бүр гурав дахин өсөж, 300 ам.долларт хүрч байсан удаатай. БНХАУ импортоо нэмэгдүүлсэн нь ч үнийн өсөлт яах аргагүй асуудал үүсгэж байлаа.Манайхны ингэж баяр хөөр болсон нь ч учиртай юм билээ. Коксжих нүүрсний гол экспортлогч Австралид байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх бүрд нүүрсний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Тэр дундаа, 2008 болон 2011 онд тус улсад байгалийн гамшигт үзэгдэл болоход коксжих нүүрсний үнэ зах зээлд оргилдоо хүртэл өсөж байсан түүхтэй.

 

Ухаандаа, 2011 онд Ардын нам мундаг учраас эдийн засгаа тэлж, монголчууд мөнгөөр бороо оруулах шахуу баяжаагүй гэсэн үг. Дэлхийн нүүрсний зах зээлийн гол тоглогч, өмнөд хөршийн хамгийн нөлөө бүхий экспортлогч оронд байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар коксжсон нүүрсний хэрэглээ өмнөд хөршид дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой ихэссэн. Энэ нь манайд боломж олгож, хэний ч тоодоггүй байсан монгол нүүрсийг од болгосныг эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг.Дараа нь 2011 онд Квийнслэндэд дахин үер болж, нэг тонн нь бүр 330 ам.долларт хүрч байжээ. Тэр үед Монголын нүүрс "моод”-нд орж, ДНБ хоёр оронтой тоонд хүртлээ буюу 17.4 хувийн өсөлттэйгөөр дэлхийд тэргүүлж байлаа. Энэ нь МАН-ыг засаг барьж байх үед л дээ. Тиймдээ ч амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр алс холын Австралид бороо ороосой хэмээн төрийн сайдаасаа эхлээд маань мэгзэм унших нь холгүй баярлаж суугаа хэрэг.

 

Тэгвэл бидэнд дахиад боломж алгаа дэлгэж буй бололтой. Ёстой л Цогоо сайдын хэлсэнчлэн бороо орох тусмаа л бид нүүрсээ дахиад үнэд оруулах боломж бүрдэх юм биш үү. Дэлхийн хэвлэл мэдээлэл, хөрөнгийн биржийн үнээс харахад Квийнслэндийн зүүн хойд эргийг дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр нүүрсний үнэ өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас хойш 15 хувиар нэмэгджээ. 

 

Дэбби хар салхи зүүн хойд хэсгийн боомт руу нүүрс тээвэрлэх төмөр замын гол магистрал шугамыг гэмтээснээр тус улс ийн 15-20 сая тонн коксжих нүүрсний экспорт хийх боломжоо алдлаа. Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том олборлогч Гленкор болон "ВНР Billiton” зэрэг компаниуд "South Walker Creek”,’’Collinsville, Newlands” зэрэг уурхайгаа ч мөн түр хаагаад байгаа.Баасан гарагийн мэдээллээр 158 ам.доллартай тэнцэж байсан нэг тонн нүүрсний үнэ даваа гарагт буюу энэ сарын 03-ны өдрийн мэдээгээр 175 ам.доллар хүрчээ. Ази руу хийх нүүрсний экспорт таван долоо хоногийн хугацаагаар тасалдаж магадгүй нөхцөл байдал ч үүсээд байгаа аж. Ингэснээр нүүрсний үнэ цаашдаа улам л нэмэгдэх чиг хандлагатай байгааг олон улсын судлаачид хэлж буй юм.

 

Австралийн хамгийн том төмөр замын тээврийн компани "Аurizon” ч тухайн хэсгийн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоожээ. Орон нутгийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар тэдгээр компаниудын үйл ажиллагаа наад зах нь хэдэн долоо хоногоор тасарч магадгүй гэнэ. Хар салхины улмаас эвдэрсэн "Goonyella” төмөр замын шугам нь тус улсын хамгийн том орд Бовен Бассейныг Далримпле Бэй, Хай Пойнт зэрэг нүүрсний боомтуудтай холбодог билээ.

 

Тэгвэл энэхүү боломжийг элдвийн улстөржилтгүйгээр, цэвэр эдийн засгийн боломж талаас нь зөв ашиглаж чадвал үнэ хүндээ алдаад буй "Эрдэнэс Тавантолгой” компанийн коксжсон нүүрс эргээд "моод”-нд орох талаар уул уурхайн салбарын эдийн засагчид ярьж бичиж эхэлсэн байна. 

 

Тухайлбал, Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар энэ талаар "Австралийн нүүрсний экспорт тасалдаж эхэлмэгц коксжих нүүрсний үнэ мөн өсөж эхэллээ. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 158 ам.доллар байсан бол өдгөө 175.70 ам.доллар болжээ. Энэ үзүүлэлт сүүлийн 11 долоо хоногт ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэ дүнгээр тооцвол, Австрали 3.5 тэрбум ам.долларын нүүрсний экспорт хийх боломжоо алдаад байгаа хэрэг. 

 

Манайхны хувьд коксжих нүүрсний хамгийн том нөөцтэй орд БНХАУ-ын хилд ойрхон байрладаг. Энэ давуу талаа үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, цөм ашиг хийх боломж гарч ирлээ.

 

Одоо мөнгөтэй бол Монголын коксжих нүүрсний хувьцаат компаниуд болох "Энержи ресурс” (ММС), "жижиг” Тавантолгой ХК -ийн хувьцааг богино хугацаанд дарахад цөм ашиг хийхээр байна даа. "Эрдэнэс Тавантолгойн” хувьцаа хөрөнгийн бирж дээр эргэлддэг амьд хувьцаа байсан бол Монголын 2.5 сая иргэн энэ арилжаанд оролцож болох байлаа. Даанч таг түгжээстэй, өр үйлдвэрлээстэй” хэмээн жиргэжээ. Юутай ч өнгөрөгч долоо хоногт Монгол Улс олон жилийн турш төлсөн БНХАУ-ын Чалко компанид төлөх өрөө бүрэн төлж дууссанаа ёслол төгөлдөр зарласан. 

 

Ингэснээр Тавантолгойн баруун, зүүн цанхи хоёулаа дэлхийн зах зээлд дөхөж очсон үнээр нүүрсээ өмнөд хөрш рүү гаргах боломжтой болсон юм. Өмнө нь Чалкотой байгуулсан гэрээнд заасан буюу дэлхийн зах зээлээс харьцангуй хямд үнээр нүүрсээ гаргаж өрөө төлж байсан Монгол Улс Австралийн дуулианаар дахиад алдагдсан боломжоо сэргээх боломж бүрдэж байна. Харин үүнийг ашиглаж чадах эсэх нь салбар яам хийгээд Засгийн газрын сайдуудын самбаанаас шалтгаалах учиртай.

 

Уг нь Монголоос гарч буй түүхий нүүрс хамгийн илчтэй, чанарлаг гэдгийг өмнөд хөрш хүлээн зөвшөөрдөг. Тэгээд ч манайх хамгийн илчтэй буюу коксжсон нүүрсээ түүхийгээр нь гаргаж байгаа. Гэвч тээвэрлэлтийн өртөг өндөр учраас биднээс авахыг хүсдэггүй юм билээ. Тиймдээ ч тээр нэгэн жилийн Австралийн үерээс хойш тал бургерын үнээр л тонн нүүрсээ борлуулж, үр дүнд нь монголын эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгааг нуугаад яах вэ.

 

Тавантолгойгоос хувь эзэмших тухай монголчуудын мөрөөдөл олон жил цаасан дээр явсаар байна. Алдагдсан боломжийг маань Австралийн үер хэрвээ эргүүлж өгөх бол төрийн сайдтайгаа цугтаа бороо, бороо ороосой гэж залбирч гуйсан ч яах вэ дээ, ер нь.

 
 
Монголын мэдээ
Б.Даваа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.