68 настай эхнэртэй 39-төй нэр дэвшигч Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд яллаа

1180

 

Францчууд сонин ард түмэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өндөрлөөд байхад ялагчийг бус харин ялагчийн эхнэрийх нь тухай шуугисаар байна. Тус улсад төрийн тэргүүний сонгууль нь хоёр шаттай явагддаг. Эхний шатанд нь Сангийн сайд Эммануэль Макрон 23,86 хувийн саналаар яллаа.

Үндэсний үзэлт Мари Ле Пен/Путин дэмждэг/ 21,53 саналаар удаалж ирэх сарын 7-нд тэр хоёрын дунд өрсөлдөөн болно. Сангийн сайд хоёр давуу талаараа сонгогчдыг өөртөө татаж чадсан. Ердөө 36-хан насандаа сайдын суудалд суусан гэдгээрээ сүүлийн хорин жилийн хамгийн амжилттай яваа, залуугаараа өндөр албан тушаалд очсон улстөрч болж байна. Нөгөө талаар нуруулаг царайлаг бас сэтгэл татам гэдгээрээ дэрвэргэн зантай францчуудад таалагдсан. Гэтэл эхнэр нь өөрөөс нь олон эгч бүр 68 настай  гэнэ.

Францын ирээдүйн тэргүүн хатагтай болж магадгүй ахимаг эмэгтэй Бриджит Тронье цохилт ирэхийг хүлээн суулгүй өөрөө олны өмнө ил гарч тайлбар хийсэн байна. Гэтэл манай тэргүүн хатагтай гадаадад мөнгө босгох ажлаараа л олны танил болсон. Бриджитийн ярьсанаар тэр хоёр одоогоос 20 жилийн өмнө хөдөөгийн бөглүүхэн нэгэн хотод танилцжээ. Макрон шашны сургуульд сурч байсан бол Бриджит франц хэлний багш нь байжээ. Тэр үед хүү 15-тай багш эмэгтэй 35 настай байсныг сануулья. Хичээлээс гадуурхи ажил болох жүжгийн тоглолтын бэлтгэл тэр хоёрыг ойртуулж дотносжуулжээ.

Орой болгон шахуу дундад зууны франц аялгаар ярьдаг жүжигт бэлддэг байж. Тус сургууль иймэрхүү жүжиг  жүжигчилсэн тоглолт бэлдэн хотынхоо иргэдэд үзүүлдэг нь уламжлал болсон зүйл гэнэ. Жүжгээр амьсгалсан хоёр жилийн туршид сурагч хүү багш эмэгтэйгээ орой бүр гэрт нь хүргэж ирсээр сүүлдээ нөхөрд нь ад үзэгдэх шахуу юм болж байжээ.

Ингээд 17 насны төрсөн өдрөөрөө "Та намайг түлхсэн ч надаас зугтаасан ч хамаагүй, би тантай заавал гэрлэнэ” хэмээн ам гарчээ. Харин багш эмэгтэй инээгээд л өнгөрч. Энэ зуурт нөхөртэйгээ аз жаргалтай амьдран гурван ч хүү төрүүлээд авчээ. Гэсэн ч нөхрөөсөө салах үед үүнийг нь хүлээж байсан мэт Эммануэль гэнэт гараад ирсэн гэнэ. Тэрээр 17 настайдаа хэлж байсан амлалтандаа хүрч 2007 онд багш эмэгтэйтэйгээ гэрлэжээ.

Залуу нөхөр нь Елисейн ордонд суух гэж улстөрийн хурц тэмцэлд орсон бол улстөрийг огт сонирхдоггүй ахимаг эхнэр нь франц хэлээ заасаар байжээ.

Бриджитийн насыг бодолцоод тэд хүүхэдтэй болоогүй байна. Гэхдээ залуу нөхөр нь эхний гэрлэлтийн гурван хүүхэдтэй нь үе тэнгийх тул сайн ойлголцож бас сайн найзууд болжээ. Бриджит гурван хүүхдээсээ найман зээтэй бол Эммануэль өвөөгийн үүргийг тун мундаг гүйцэтгэдэг гэнэ.

Ийнхүү өөрөөсөө 24 насаар эгч эхнэрийнхээ гараас чанга атгасан тэдний зураг хэвлэлээр байнга гарах болжээ.

Энэ нь француудыг тэр тусмаа эмэгтэй сонгогчдын сэтгэлийг улам их татах болсон тухай Paris Match-д бичжээ.


 

Мөн хоёрдахь шатны сонгуульд Макроныг ялах нь тодорхой болсон гэцгээж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>