УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа

13

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өчигдрийн (2024.08.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа. Улсын Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг танилцуулав.

 

 

       Тэрбээр танилцуулгадаа нэр дэвшигчийн товч намтар, хуульд заасан шалгуур хангасан байдлын талаар дэлгэрэнгүй дурдав.

   Нэр дэвшигч Э.Золзаяа 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1978-1988 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургууль, 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо Нийтийн ахуй үйлчилгээний улсын академид суралцан инженер мэргэжил эзэмшиж, 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжил, бакалавр зэрэг, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн тамгын газарт Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн шүүгчээр ажиллажээ. Төрийн албанд 24 жил, долоон сар, шүүгчээр 19 жил, есөн сар, үүнээс давж заалдах шатын шүүхийн шүүгчээр 10 жил, зургаан сар ажилласан тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтад 54.54 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 22.17 оноо авч хяналтын шатын шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, сүүлийн зургаан жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй зэрэг зохих шаардлагыг хангасан байна.

 

 

       Өнөөдрийн байдлаар, Улсын дээд шүүхэд 24 шүүгч ажиллаж байгаагаас 18 шүүгч, зургаа нь прокурор, өмгөөлөгч, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд сургуулийн багш буюу бусад хуульчдын төлөөлөл байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг дурдаж, энэ харьцаа нь хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж буйг тэмдэглэсэн юм.

       Нэр дэвшигчийг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй танилцах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад авбал зохих оноо, анхан болон давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шинжлэх ухааны академик маргааны асуудлаар ямар зарчим барьж ажиллах, Улсын Дээд шүүхээс хууль, хууль хэрэглээний тайлбар гаргахтай холбоотой асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн шүүгч, шүүгчдийн нөөцийн талаар, мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шалгалт өгч орох сонирхолтой шүүгч хангалттай байгаа, эсэх талаар, Шүүхийн тухай болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль, тогтоомжийн талаарх нэр дэвшигчийн байр суурийг, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Хуульчдын холбооны талаар болон үндсэн эрхийн маргааны талаарх нэр дэвшигчийн байр суурийг асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нэр дэвшигчээс Улсын Дээд Шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд олон нийтэд хандан шударга ёсны талаарх байр сууриа илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүхийн жендерийн харьцаа тэнцвэртэй, эсэх талаар асууж хариулт авчээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар нэр дэвшигчид хандан үг хэлжээ.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нараас асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд ихээхэн унаад байгааг хэрхэн сэргээх талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн хэрэг маргааны талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүн таслах үйлчилгээний чанарыг сайжруулах, боловсон хүчний нөөцийг бэлтгэх, бизнесийн маргааныг шийдвэрлэх арилжааны хуулийн асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шударга, хараат бус шүүх тогтолцооны талаар, О.Цогтгэрэл шүүхийн тогтолцоо, хуулийн засаглалд иргэдийн итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан шүүхийн шинэчлэлд шүүгчдийн өөрсдийн хандлага, ёс зүй, зарчим, арга барил, мэргэжлийн ур чадвар ихээхэн нөлөөлөх тухай зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн асуусан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг, Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Э.Золзаяа нар дэлгэрэнгүй хариулж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх тоо баримт, хууль, эрх зүйн орчин, төсөв санхүү, ажиллах нөхцөл, ил тод, нээлттэй байдлын талаар мэдээлэл өгөв гэж Улсын их хурлын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>