Монголчууд бид өнөөдөр тусгаар улсын байдлаар оршин буйн ачаар өнгөрсөн түүхээ өөрөөрөө төвлөн үзэх, үнэлэх боломжийг мөн олжээ. Эргэж судлах, үнэн мөнийг нь тодруулах шаардлагатай асуудал тун олон байна. Өнгөрснөө зөв үнэлнээ гэдэг бол одоо ба ирээдүйгээ "үнэн, мөнд даатгуулнаа” гэсэн үг.
Монголын төр засгийн жолоо, цулбуур Манжийн хааны гарт, монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур Төвдийн төр-шашны ихэс дэдсийн гарт байж өнгөрүүлсэн 200 гаруй жилийн туршид Монголын уламжлалт нийгэм тасралтгүй уруудаж доройтжээ. Монголын гэгдэх бүх үнэт зүйл (газар нутаг, хүн ам, эд баялаг, соёл, түүх, уламжлал) хорогдож, үрэгдэж, сүйрч, сөнөхөд хүрчээ.
Монголыг доройтуулж, жижиг буурай болгох, эрч хүчийг нь сулруулах, эрчүүдийг нь номхон хүлцэнгүй мухар сүсэгтнүүд болгож хувиргахад ашигласан нэгэн гол хүчин зүйл бол шарын шашин байлаа. Ламын шашныг Монгол даяарт аль болох өргөнөөр, аль болох түргэнээр хүчлэн дэлгэрүүлэхийн тулд Манж, Төвд хоёр далдуур үгсэн тохиролцоод эртнээс нааш туршиж тодруулсан "Амьд бурхдын хувилгаан дүрүүд” гэх нэн хүчтэй шилдэг аргыг сонгож хэрэгжүүлжээ.
Бурхан багшийн анхны шавь нарын дундаас тодрон гарч Энэтхэг, Жагарын оронд гэгээнтэн, увдистан, амьд бурхад гэгдэн алдаршиж, эрдэм чадал, ид шид нь илт болон шүтэгдэж байсан, нэр цуу нь номт гэгдэх орон, гүрэн бүрт танигдаж, тархсан хутагт, хувилгаадын нэр, түүх, намтрыг Манжийн хаан, Төвдийн удирдлага Ар, Өвөр, Баруун Монгол руу янз бүрийн овжин, зальжин аргаар тарааж, Монголын нэр, нөлөө бүхий ноёд, хатдыг эхлэн элсүүлж, татаж, эрхшээл, нөлөөндөө оруулжээ. Тэг тэгсээр нэг л мэдэхэд тэдний уурга, урхинд ороогүй ноёд, хатад үлдээгүй байна.
Жар шахам удаа дахин төрж хувилан тодорсон гэх Далай ламын дүрүүд, мөн 50 шахам удаа дахин төрж хувилан тодорсон гэх Жавзандамба хутагтын дүрүүдийг Манж, Төвд хоёр монгол эрчүүдийг мунхруулах зорилгодоо амжилттай ашиглажээ. Тэгэхдээ тэд энэ хэрэгдээ юуны өмнө нэр, нөлөөг нь бодож Чингисийн удмын ноёдын хөвгүүдийг сонгож авахаа ч мартсангүй...
Жавзандамба хутагтын Монголд тодорсон анхны дүрээр, мөн Далай ламын Монголд тодорсон анхны дүрээр тэд Чингисийн алтан ургийн удмын хөвгүүдийг тодруулж, өндөр дээд нэр цол олгож, Монгол, Төвд, Хятад даяар тэднийг алдаршуулж, амьд бурхад болгон титэмжүүлж, чадал увдисыг нь хөөрөгдөн магтаж, үгийн жинхэнэ утгаар зэвсэг болгон ашиглажээ. Тэдний заль, мэхний урныг, ухаалгыг хэн ч болов магтахаар, хүлээн зөвшөөрөхөөр овжин, өө сэвгүй байлаа. Гэгээнтнүүдийн Монголд тодорсон дүрийг Ар, Өвөр, Баруун Монголд адилхан шүтүүлж дасгаад, тэдний байгуулсан сүм хийдүүдийг хурал, номын газар болгож зуршуулаад, "өглөгийн эзэн-лам-ном-сүм хийд-бурхан шүтээн-сүсэгтэн олон” гэсэн тогтолцоог аймаг, хошуу бүрд буй болгоод, дараа нь удаах дүрүүдийг нь бүгдийг Төвдөөс тодруулж Манжийн хаан батламжилж байх ёстой болгож хуульчилжээ. Чингэснээр Монгол орон, монгол хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны жолоо, цулбуур бүгд харь орны хүмүүсийн гарт орсон байна.
Төвдөөс тодорсон богд гэгээнтэн бүрд ил ба далдуур өгөгддөг даалгавар бол "ламын шашныг Монголын өнцөг булан бүрд дэлгэрүүлэх, хүн амыг сүсэгтэн болгож номхон, хүлцэнгүй байлгах” явдал байлаа. Өндөр гэгээн гэгдсэн Занабазараас аваад 8-р богд Агваанлувсан хүртэлх бүх дүрүүд Лхасын болон Бээжингийн зааварчилгааг ягштал мөрдөцгөөжээ.
Далай лам болон Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулдаг ёс нь яг хэрэг дээрээ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн, нялх балчир олон хөвгүүдийг элдвээр хэлмэгдүүлсэн, орчин үеийн ойлголтоор бол хүн худалдаалах гэмт хэрэгт холбогдохоор бурангуй зан үйл, хоригловоос зохих үзэгдэл юм. Төвд, Монголын жишээ баримтыг дурдъя.
Лхас орчмын байгаль, газарзүй, уур амьсгал Их Хүрээнийхээс огт өөр. Лхас орчимд хэрэглэдэг хоол хүнс, ус Монголынхоос мөн их ялгаатай. Гэтэл энэ бүхнийг огт тооцохгүйгээр Төвдөөс 4-6 настай нялх хүүхдийг Жавзандамбын хойд дүрээр тодруулан тэр холоос Их Хүрээнд авч ирээд эхнэр авч хүүхэд өсгөж үзээгүй төвд, монгол лам нарын асрамжинд өгч ээж ааваас нь, ах эгчээс нь хол байлгаж, дээр нь бас насанд нь ахадсан хичээл, хүмүүжлээр дарамталж байсан нь үнэндээ бол ялтай үйлдэл болно. Төвд хүүхдийн биеийн төрөлх дархлаа нь ч Монголын нөхцөлд, өвчин халдварт тохирохгүй нь тодорхой билээ. Тиймээс 1758-аас 1868 оны хооронд Төвдөд төрсөн 5 хүүхдийг III-VII дүрийн Богдоор тодруулан авч ирсэн боловч тэдний нэг нь 6 настайдаа, 2 нь хорь хүрэлгүй нас баржээ. III-VII дүрийн 5 Богдын дундаж нас 20 байлаа.
Нялх хүүхдийг өөрийн нь хувьд ямар ч сонголтгүйгээр ламын шашны том зүтгэлтэн болгон өргөмжлөөд ээж, ааваас нь салгаж, төрөлх нөхцлөөс нь огт өөр газар нутаг руу албадан явуулж үр хүүхэдтэй байж үзээгүй эрчүүдийн асрамжинд үлдээх нь яаж ч бодсон гэсэн хүмүүнлэг энэрэнгүй үйлс биш юм. Яг үнэндээ бол уул хүүхдүүд нь гэрийн хорионд, Их Хүрээнээс гарах эрхгүй, биеийг нь сувилахаар рашаанд явуулъя гэвээс заавал Бээжинд буй Манжийн хаанаас зөвшөөрөл авдаг, тэрхүү зөвшөөрөл нь хурдан ирлээ гэхэд л 2-3 сард багтаж ирдэг байжээ. Амьд бурхан гэгдэж дээдлэгдсэн төвд хүүхдүүд чингэж хэрэг дээрээ хүний эдлэх ёстой олон чухал эрхээ Манжийн төрөөр хязгаарлуулсан төр-шашны хоригдол байв. Тэдний дэлгэрэнгүй намтрыг унших аваас хэний ч нүднээс, бүр хэд хэдэн удаа өрөвдлийн нулимс унахаар гунигтай түүхүүд байх ажээ.
Бага насны хүүхдийг хутагт хувилгаанаар тодруулж хувь заяаг нь урьдчилан, хүчлэн тогтоож, өөрийн нь хувьд ямар ч сонголтгүй болгож орхих нь хүний эрхийн үүднээс бол гэмт хэрэг, хүний наймаанд холбогдож зүйлчлэгдэх ялтай үйлдэл мөн болно. Урьд өмнийн бурангуй цаг үеийн үзэгдэл болсон энэхүү үзэгдлийг XXI зууны өндөрлөгөөс эргэж сайтар нягтлаад "халах, орхих” шийдвэр гаргах нь Бурханы шашин, сурталд ч бүрэн нийцэх алхам болох биз ээ...
VI дүрийн Богд Лувсандамбийжанцан (1843-1849) гэхэд л Их Хүрээнд авч ирж ширээнд залсны дараа 42 хоноод нас баржээ. III дүрийн Богд Ишдамбийням (1758-1773) дөнгөж 15 наслаад өөд болжээ. Ийм түүхийг мэддэг хэрнээ бүр дахин давтан хийсээр байсан нь ямар том ашиг, сонирхлын улмаас юм бэ? Нялх балчир төвд хөвгүүдийн амь насны үнэ цэнэ чухам юугаар цагаатгагдаж болох байна аа?
Судлаач, профессор Д.Чулуунжав