Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны өртөг 42 сая ам.доллар

203

Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны өртөг 42 сая ам.доллар

 

Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих болсон.

 

Энэ төслийн "Шав тавих ёслол” төслийн барилгын ажлын талбайд өнгөрсөн долоо хоногт болсон юм. Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр "Ростов” ХХК ажиллаж байна.

 

Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар. Гүүрийг 2017–2019 онд барьж ашиглалтад оруулна.

 

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нийт зургаан хэсгээс бүрдэнэ.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 метр урттай, 16.5 метр өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох "С” рампын 8.5 метр өргөнтэй, 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын "В” рампын гүүр нь 8.5 метр өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух "А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. 

 

Төсөл дараах хэсгүүдээс бүрдэнэ.

 

Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн  637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.