Ерөнхийлөгч “Хааны эрэлд” оролцов

1024

Ерөнхийлөгч  “Хааны эрэлд” оролцов

Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд  боллоо.

Нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, Номхон далай дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлалын хойд бүс хариуцсан орлогч дарга, хошууч генерал Рожер Нобел болон  олон улсын цэргийн хамтарсан сургуульд оролцогч улс орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд, цэргийн атташе,  цэргийн багуудын бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцов.

Нээлтийн ёслолын эхэнд "Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагссаныг тус сургуулийн удирдагч дэд хурандаа Жавхланбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад илтгэсний дараа  Төрийн тэргүүн тус үйл ажиллагаанд оролцож буй 26 орны цэргийн багууд, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга "Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд зориулан үг хэлсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран "Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 5 тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн "Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.

 

Ерөнхийлөгч  “Хааны эрэлд” оролцов

 

Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын  энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болоод байгаа ажээ.

 "Хааны эрэлд-2017”  энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлыг амжилттай зохион байгуулжээ.  Энэ удаагийн сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус явуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Иймээс Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой хэмээн БХЯ, ЗХЖШ-ын зүгээс үзсэнийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>