Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо
Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох үйл ажиллагаа удаашралтай явагдаж ирснийг дурдаад, өнөөдрөөс цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох ажил эхэлж байгааг онцоллоо. Манай улс 2017 оны Баялгийн засаглалын индекст авч болох 100-гаас хангалттай буюу 64 оноо авснаар үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт, Евроазийн бүс нутгийн 9 орноос тэргүүн байрт орсон байна. 2017 оны 7 дугаар сарын 25-ны байдлаар, өссөн дүнгээр 26027,9 мян.тн нүүрс олборлож, 23219,5 мян.тн нүүрс борлуулсанаас 19145,4 мян.тн нүүрс экспортод гаргаад байгаа аж.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлттэй байна.Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ бууралт, ханшийн зөрүүгээс төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байгаа ажээ. Газрын тосны эрлийн гэрээний дагуу хагас жилийн байдлаар 18 талбайд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын гурван гэрээ хэрэгжиж буй юм байна.
Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдсэн тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаагаас шалтгаалан газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсчээ. Орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа аж.
Хэвлэлийн хурлын үеэр АМГТГ-ын дарга Б.Баатарцогт хэлэхдээ "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид нэлээн сонирхож байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор хийж байгаа бидний гол ажил бол мэдээллийг ил тод байлгах, хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүй, геологийн суурь судалгааг ил болгох ажлуудыг түргэн шуурхай хийж байна.Мөн олон улсын байгууллагуудаас гаргадаг дүн шинжилгээнүүдэд өөрсдийн үйл ажиллагаа, тайлангийн системээ тодорхой болгож, эрх зүйн орчинг цэгцтэй болгохоор ажиллаж байна. Ингэснээр олон улсын судалгааны байгууллагуудаас гарч байгаа үнэлэлт дүгнэлт эерэг болж эхэлж байна" гэв.
Кадастрын газрын дарга Д.Мөнхтамир "Засгийн газрын тогтоол гарснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагаа эхэлж байна. Бэлтгэл ажлыг АМГТГ-аас хангасан байгаа. Хуучин өргөдлийг цаасан хэлбэрээр авдаг байсан. Харин одоо үүнийг цахим хэлбэрт шилжүүлж байгаа юм. Ингэхдээ дугаар авсан цагтаа ирж, манай системд өөрийн координатыг шивэх ёстой. Шивснээр тухайн талбай давхцалтай, эсвэл хориглосон талбай болох нь тодорхойлогдох боломжтой.Цаасан хэлбэрээр өргөдөл авдаг байхад зураг зүйн асуудлаас болж нийт өргөдлийн 20 орчим хувь нь татгалзсан хариу авдаг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр энэ асуудал бүрэн шийдэгдэх юм.
Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өнөөдрөөс бүртгэл эхлэх гэж байна" хэмээн хэлэв. Ашигт малтмал, газрын тосны газраас анх удаа үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхлээд байгаа ажээ. Тодруулбал, АМГТГ-аас Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын Эрдэнэтийн овоонд 111.68 гектар талбайд ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг "АЧИТ-ИХТ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.