ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ

740

ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ

 

БОАЖ-ын сайдын тушаал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ойн төлөв байдлыг сайжруулах, байгалийн аясаар нөхөн сэргэх нөхцөлийг хангах зорилгоор энэ онд нийслэлийн ногоон бүсийн ойн санд 40 га талбайд ойн цэвэрлэгээ хийж, 1200 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн "Манзушир трейд”, "Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа болон холбогдох албаны хүмүүс ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. "Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчилэн авч хийдэг. Ойн судалгаа, хөгжлийн төвөөс цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж авдаг. Мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байгаа” хэмээн НБОГ-ын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа тайлбарлаж байлаа.

Цэвэрлэгээний ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхэлж, нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм. Цэвэрлэгээний ажлын явцад НБОГ болон НМХГ-аас хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Ойн цэвэрлэгээг гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагууд нь 2017 оны  намар нийт 18 га талбайд  нөхөн  сэргээх ажил хийх юм.

"Нийслэлээс зарласан тендерт манай компани шалгарч, ойн цэвэрлэгээний ажил хийж байгаа. Ар, өвөр Хуандайн хоёр хэсэгт нийт 20 га газарт цэвэрлэгээ хийж байна. Гэрээнд заасны дагуу ойн сэргээлт хийж дөрвөн мянган ширхэг шинэс мод тарина. Цэвэрлэгээ хийж байгаа ойн хэсгийн мод нь хөгшрөлт ихтэй, ахин төлжихгүй болсон. Уг нь 2-3 жилийн өмнө огтлолт хийх ёстой байсан юм” хэмээн "Үндэсний ойжилт” ХХК-ийн захирал Ц.Ганзориг ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>