Ерөнхийлөгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг буцаалаа

799

Ерөнхийлөгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг буцаалаа

Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 17-нд гаргасан билээ. Харин түүний хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр албан бичиг илгээгээд байсан юм.

 

Тэгвэл Ерөнхийлөгч Ерөнхий сайдад зөвшилцөх нөхцөл бүрдээгүй гэсэн албан хариуг хүргүүллээ. Ерөнхийлөгчийн албан бичгийн хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

"Таны 2017 оны 08 сарын 22-ны өдрийн ЗГ-1/115 тоот "Санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа.

 

Тус албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал илэрхийлж, танилцуулга, Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх тогтоолын төслийг хавсаргасан байна.

 

Миний бие Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна.

 

Таны ирүүлсэн албан бичигт Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна.

 

Иймд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай гаргасан хүсэлтийг хавсаргаж, зөвшилцөх тухай саналаа дахин ирүүлэхийг хүсье.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>