Дэлхийн жишиг цалинтай болох тэмцэлд 34000 багш нэгджээ

809

Дэлхийн жишиг цалинтай болох тэмцэлд 34000 багш нэгджээ

 

Багш, эмч нар өмнө нь хэдэнтээ цалингаа голж тэмцэж байсан ч энэ удаад ухрахгүй бололтой. Учир нь нэгэн багш эмэгтэй ээлжийн амралтын мөнгөө банкны зээлэнд суутгуулчихаад бусадтайгаа амьдралаа хуваалцсан нь улс орон даяар хөдөлгөөн болон өрнөсөн нь энэ аж. Бүр тодруулбал, одоогоос 14 хоногийн өмнө хэдэн багш нэгдсэн зохион байгуулалтад орсон нь өдгөө 30 гаруй мянган багшийг нэгтгэсэн "Цалин нэмүүлэх түр хороо” болон өргөжөөд байгаа юм.

 

Аймаг, сум, дүүрэг, хороодын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар түр хороо байгуулан гарын үсэг цуглуулсаар байгаа аж. Багш нарын сарын 500 мянган төгрөгийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учраас энэ удаад цалингаа нэмүүлэхгүй бол зогсохгүй хэмээн хэлж байна. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн 20 хоногийн хугацаанд төр, засгийн холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн юм. Тэдний хамгийн эхний шаардлага нь хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс өмнө сарын 1.6 сая төгрөг буюу одоогийнхоос гурав дахин өндөр цалин хөлстэй болох тухай байв. Үүнийгээ бусад улс орны багш нарын хамгийн бага цалин нь 1.6 сая байдаг учраас дэлхийн жишигт нийцсэн цалинтай болохыг зорьсон гэж тайлбарлаж буй. Мөн багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх гэсэн гурван заалт бүхий шаардлагыг Ерөнхий сайд болон  БСШУС-ын сайдад хүргүүлээд байгаа юм.

 

Дээрх шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 30-нд улсын хэмжээнд жагсаал хийж есдүгээр сарын 01-нд ажил хаялт зарлана гэв. Салбарын сайд өчигдөр Сангийн яам, Хөдөлмөрийн яамны төлөөлөл багш нарыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгийг салбарын сайд хэлжээ. Бид багш нарын цалин нэмүүлэх асуудлаар тал бүрийн төлөөллийн байр суурийг хүргэж байна. Багш нарын цалин Мексикт 14 сая,  Герман-12.5 сая, АНУ 8.7 сая, Испани-8.5 сая, Солонгос 6.5 сая, ОХУ-1.6 сая төгрөгийн цалин авдаг гэдгийг Цалин нэмүүлэх түр хорооны багш нар хэлэв.

 

Ц.Мөнхтуяа:

40-50 МЯНГАН БАГШИЙГ АЖЛААС НЬ ХАЛААД САЙД ДАРГА НАР НЬ ХИЧЭЭЛЭЭ ЗАА

/Цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч багш/

 

- Наймдугаар сарын 06-нд анх нэгдэж дөрөв хоногийн дараа гэхэд түр хороо байгуулсан. Амралтын мөнгө нэг сая төгрөг хүрэхтэй үгүйтэй. Өр зээлээ дараад цаана нь дутдаг. Байраа хураалгах дээрээ тулсан, эмчилгээний олон сая төгрөгийн зардал төлөх, өрх толгойлсон гээд олон багш нар бидэнд хандаж байна. Багш нарын амьдрал, дотоод асуудлыг гаргаж тавих юм бол улс орны хэмжээнд аюулын харанга дэлдэнэ. Монгол Улс боловсролыг дампууруулж орхисны бодит жишээ нь багш нарын цалин. Багш нар нэр хүнд, ёсзүйгээ бодоод олон жил тэсч тэвчиж ирлээ. Одоо үнэхээр тэвчээрийн хязгаар барагдлаа. Цалин нэмэгдүүлэх талаар хэсэг бүлгээрээ Үйлдвэрчний эвлэлд хандаад орхидог байсан. Энэ удаа үнэхээр цалингаа нэмэгдүүлэхгүй бол тэмцлээ зогсоохгүй. Бүх аймаг сум, дүүргийн сургууль цэцэрлэг түр хороог байгуулж гарын үсэг цуглуулан ирүүлсэн. Ажил хаялаа гэхэд нэг ч сургууль үлдэхгүй.  Дарга нарын хэлдэг үг нь төсөв хүрэлцэхгүй байна гэдэг. Гэтэл сонгууль болохоор хэд дахин их мөнгө зарцуулдаг. Багш нар тартагтаа тулсан. Хэдэн жил эдийн засаг хямарлаа гэж ярьж явах юм. 40-50 мянган багшийг ажлаас нь халаад сайд дарга нар нь хичээлээ зааг. Бидэн дээр их дээд сургууль, МСҮТ, коллежийн багш нар нэмэгдэхээ илэрхийлсэн.  Цалин нэмүүлэх түр хороонд 34 мянган багш нэгдэхээ илэрхийлснээс одоогийн байдлаар 19000 багшийн гарын үсэг ирсэн. Дэлхийн жишгээс үзэхэд Хятадад бага ангийн багшийн цалин 1.6-2 сая төгрөг байдаг. ОХУ-д багш нар нь 1200-1500 ам.долларын цалин авдаг. Бид цалингаа доллараар нэмэгдүүлнэ гэж шаардаагүй. 1.6  сая төгрөг гэдэг хамгийн бага хэмжээ.  Мексикийн багш нарын сарын цалин 14  сая төгрөг байдаг юм билээ. Гэтэл бид 500 мянган төгрөгийн цалинтай.

 

Ү.Бямбасүрэн:

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД 1.139.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР ШААРДЛАГАТАЙ

/ ЗГХЭГ-ын дэд дарга/

 

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан 2018 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлыг 2.642.6 тэрбум төгрөгт багтаах үүргийг Засгийн газар хүлээсэн. Түр хорооноос тавьж буй шаардлагын дагуу багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэхэд 1.139.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн нэмэлт эх үүсвэр шаардагдахаар байгаа нь ирэх оны төсвийн алдагдлын 43.1 хувьтай тэнцэж байна. Намрын чуулганаар хэлэлцэх ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалин хөлсийг улс орны эдийн засаг, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлэх боломжийг хангах талаар нийгмийн түншлэгч талуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын төр, Засгийн газраас багшийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгох шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд онцгой анхаарна.

 

Г.Чулуунбаатар:

САЙН БАГШ ИЛҮҮ ЦАЛИН АВАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОНО

/ БСШУС-ын сайд/

 

-Багш нарын авч буй цалингийн хэмжээ  орлого сайтай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад бага    ч эмч нар, эрдэм шинжилгээний ажилтнууд гээд төрийн үйлчилгээний  албан хаагчдын  дундаж цалингаас бага биш гэдгийг ойлгох байх гэж найдаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Салбарын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ.  Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ.

 

Ж.Батзориг:

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ҮР ДҮНД ХҮРГЭХ ТАЛ ДЭЭР АЖИЛЛАНА 

/Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга/

 

 -"Түр хороо гээд цөөн тооны багш жагсаал цуглаан байгуулах нь хууль журамд нийцэхгүй. Ажил хаях, хамтын маргаан үүсгэх бүх эрх нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад байдаг. Нэгэнт багш нар санаачлага гаргаад тэмцэж байгаа учраас манай байгууллага удирдан зохион байгуулж, үр дүнд хүргэх тал дээр ажиллана.

Цалин нэмэгдүүлэх түр хорооныхон бидэнтэй уулзаж албан ёсоор хүсэлт тавьсан учраас хуулийн дагуу зохион байгуулахаар болсон. Цалин нэмэгдүүлэх асуудлаарх улсын гурван талт хэлэлцээр үргэлжилж байгаа. Багш нар 1.6 сая төгрөгийн цалин авах юм бол Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад бичиг баримтуудад зааснаар амьдралаа боломжийн авч явах хэмжээний өртөг юм. Багш нарын хэлж байгаагаар одоо хуримтлал үүсгэх нь битгий хэл өр зээлтэй байна.

Багш нар энэ байдлаасаа гарахад ядаж 1.6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалинтай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Бусад салбарынхны цалин харьцангуй сайн.

Хуульд зааснаар хоёр тохиолдолд ажил хаялт зарладаг. Гэрээ хэлэлцээрт асуудлыг тусгахгүй байх болон тусгасан асуудлаа биелүүлэхгүй байгаа тохиолдолд ажил хаялт зарладаг.

 

А.Санжмятав:

МЭДЛЭГ УР ЧАДВАРТАЙ БАЙГААД ЦАЛИН НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛ ХЭЦҮҮ

/Боловсрол судлалын доктор/

 

 - Монголын бүх багш өндөр ур чадвартай. Багшийг хөгжүүлэх олон бодлого сайн хэрэгжиж байгаа. Өндөр мэдлэг ур чадвартай байгаад цалин нь хүрэлцэхгүй бол багш нар түмний хүүхдийг сайн сургах гэхээс илүү өөрсдийн ар гэр, амьдрал руугаа анхаарлаа хандуулна.  Үүний нэг жишээ нь сүүлийн үед олон багш БНСУ руу явж ажиллаж байгаа асуудал байна. Таван сая төгрөгний барьцаа төлөхгүйгээр нийгмийн даатгалаа барьцаалж БНСУ руу яваад, зарим нь тэндээ олон нийтийн хэлдгээр харлаж байгаа асуудал маш их байна.

Гэхдээ багш нар ажил хаяж болохгүй.  Есдүгээр сарын 1-нд хичээлээ заах ёстой. Хичээлийн шинэ жил эрдмийн баяр, хүүхдүүдийн баяр учраас энэ өдөр инээд хөөр баяраар дүүрэн байх ёстой.

 

Т.Уянга:

БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЗӨВ

/Баянзүрх дүүргийн иргэн/

 

-Манайд Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүд бий. Нэг, гуравдугаар анги, цэцэрлэгийн насны нэг хүүхэдтэй. Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр хөдөлгөөн өрнүүлж байгаа нь зөв. Төрийн албан хаагчдын бараг хамгийн бага цалингаар цаг наргүй ажиллаж байгаа багш нарыг харахаар заримдаа өрөвддөг. Багш нар өдөржин олон хүүхэдтэй ажиллаж, орой нь илүү цагаар суудаг үе цөөнгүй байдаг юм билээ.

Ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдтэй арга зүйгээ олоход хүндрэлтэй. Тиймээс төр, засаг боловсролын асуудалд анхаарч багш нарынхаа цалин хангамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хар ухаанаар бодоход авдаг цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байхад хэн ч сайхан аашлахгүй. Тэр хэрээрээ хүүхдүүдэд өгч байгаа сургалтын чанар хэмжигдэнэ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>